Тусгай сангуудаас есийнх нь мэдээллийг ил болголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-05-22 11:21:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас хэрэгжүүлж буй “5Ш” ажиллагааны хүрээнд улсын 25 тусгай сангаас есийнх нь мэдээллийг ил болгоод байгааг ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээллээ.


Тус сайтад нийслэлийн газар олголтын 20 жилийн архив, тусгай зөвшөөрлийн 15 мянган мэдээлэл, төрийн өмчийн болон ЖДҮХС, ХААДС-гийн мэдээллийг байршуулаад байгаа. Эндээс аль Засаг даргын үед хаана, ямар газрын зөвшөөрөл олгосноос эхлээд дархан цаазат ямар газрыг хэн газар эзэмшиж байгааг ч харах боломжтой. ЖДҮХС-г зээлийн үлдэгдэлтэйгээр нь, хэн, хэзээ, зээл олгосныг дээрх сайтад байршуулснаас хойш дөрвөн долоо хоногт 3 тэрбум 500 сая төгрөгийг эргэн төлсөн байна. Мөн Нийгмийн халамжийн сан хэдий хэмжээний мөнгөөр иргэдийг халамжилсан, тэр нь зорилтот бүлэгт хүрсэн эсэхийг хянах болно. Соёл урлагийг дэмжих сан, Автозамын сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Нийгмийн даатгалын сан, Боловсролын зээлийн сан, Хүүхдийн төлөө санг шилэн сайтад нэгтгээд байна.


"Шилэн" ажиллагааг гуравдугаар сарын 27-нд анх эхлүүлснээс хойш 5 мянган байгууллагад 68 мэдээллийг ил болгох үүрэг өгсөн. Ерөнхий сайд шилэн индексийг эрчимжүүлэхээр 4 дүгээр сарын 17-нд албан даалгавар гаргаж, 25 тусгай сангийн мэдээллийг ил тод болгож, машинд уншигдах хэлбэрээр, инфографиктай, хайлтын системтэй болгохыг үүрэг болгосон. Гэвч мэдээлэгч нар shilen.gov.mn сайтад байршуулах мэдээллээ шуурхай ирүүлэхгүй байгааг Н.Учрал тэмдэглэсэн юм.  


Тэрбээр, “Хилийн чанад дахь Монгол Улсын иргэдэд туслах сан, Эрүүл мэндийг дэмжих сангийн  мэдээлэл дутуу ирүүлсэн тул бүрэн ирүүлэхийг шаардсан. Мэдээллээ огт ирүүлээгүй 2 сан бий. Төсвийн тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв сан, Кино урлагийг дэмжих сан мэдээллээ ирүүлээгүй. Мэдээллээ бүрэн ирүүлсэн Байгаль орчин, уур амьсгалын сан, Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан, Шинжлэх ухаан, технологийн сан мэдээллээ ирүүлж дууссаныг энэ 7 хоногтоо оруулна” гэлээ.


Боловсролын зээлийн сангийн 2008 оноос хойших мэдээллийг ил тод болгохыг даалгасан. Мэдээллийг овог нэр, он дарааллаар, аль улсын ямар сургуульд зээл, тэтгэлэг алинд нь хамрагдсан, зээлээ төлж байгаа эсэх үйл явцыг ч харах болно. Гэхдээ зээлийн төлөлтийн мэдээллийг тухай бүрд нь бус, улиралд нэг удаа мэдээлэгчээс нэмэлт мэдээлэл ирүүлснээр өөрчилдөг байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан сүүлийн 10 жилд 1.8 сая иргэнд 628 тэрбум гаруй төгрөгийн зарлага гаргажээ. Үүнээс 122 тэрбум гаруй төгрөгийг дэмжлэг хэлбэрээр зарцуулсны 58.2 тэрбум төгрөг эргэн төлөгдөөгүй. Төлөгдөөгүй дүн байхад л дараа жилийн төсөвт дахиад зээл олгодог. Хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл гэхэд 18 тэрбум төгрөг байгаа аж.


Тусгай сан, зээлийн санг цаашид зорилтот бүлэгт хүрэх үүднээс менежментийн хувьд зөв чиглүүлэх шаардлагатайг Н.Учрал дурдаад, “Засгийн газрын тусгай сангуудын мэдээллийг Зээлийн мэдээллийн сантай холбоогүйгээс санд зээлтэй хүн банкаас дахиад зээл авдаг нөхцөл бүрдүүлсэн. Тусгай санг холбочихвол банкаас зээл авах боломжгүй. Мэдээллийг ийнхүү ил тод болгосноор авлигыг арилгах, нийгмийн хандлагыг өөрчлөхөд нэмэртэй. Мөн shilen.gov.mn мэдээллийг АТГ-т шилжүүлэх хүсэлтэй байна. Ингэснээр АТГ-ын ажлыг хөнгөвчлөх, хуулийн байгууллага баримт нотолгоонд анализ хийн, холбогдох албан тушаалд хариуцлага тооцох ач холбогдолтой” гэв. 

Холбоотой мэдээ