TASS: Монгол, Франц Улс чухал металл нийлүүлэхээр тохиролцлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-05-22 08:26:06

УЛААНБААТАР. /TASS/. Францад чухал металлуудыг нийлүүлэх талаар Парис Улаанбаатартай тохиролцлоо. Энэ тухай ням гарагт Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй хийсэн хэлэлцээний дараа сэтгүүлчдэд мэдэгдэв.


“Бид эдийн засгаа нүүрснээс ангижруулах асуудлыг хөндсөн. Бид танай улсаас чухал металлуудыг нийлүүлэх замаар эрчим хүчний хараат бус байдлаа бэхжүүлэхийн тулд хамтран ажиллахаар шийдвэрлэлээ" гэж Э.Макрон мэдэгдээд чухам ямар металлын тухай яригдсаныг дурдсангүй. 


Тэрбээр Монгол Улс Францын цөмийн технологийн “Orano” корпорацтай хамтран ажиллах, тэр дундаа металлын олборлолтын салбарт хамтран ажиллах нь чухал болохыг онцлов.


“Orano” компанийн цахим хуудсанд мэдээлснээр, тус компани нь Монголд 25 жил гаруй үйл ажиллагаа явуулж, 2000-аад оноос хойш хайгуул хийж байгаа бөгөөд 2015 онд тус улсад ашигт малтмалын ашиглалтын лиценз авчээ. 


Э.Макрон, У.Хүрэлсүх нар хэлэлцээ хийх үеэрээ мөн хоёр орны ногоон эрчим хүч, авто тээвэр, эрүүл мэнд, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцжээ. 


Францын Ерөнхийлөгч ням гарагт Японд “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсоныхоо дараа Улаанбаатарт хүрэлцэн ирсэн юм. Энэ нь Францын төрийн тэргүүний Монгол Улсад хийж буй анхны айлчлал юм. Айлчлалынхаа хүрээнд Э.Макрон мөн тус улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж, Улаанбаатарт 2022 онд нээгдсэн Чингис хааны музейг үзэж сонирхов. 

Холбоотой мэдээ