AFP: Францын Ерөнхийлөгч Э.Макрон Монгол Улсад анхны айлчлалаа хийхээр хүрэлцэн ирлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-05-21 19:30:33

УЛААНБААТАР. /AFP/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон богино хэдий ч хоёр орны харилцаанд онцгой бэлгэдэлтэй айлчлал хийхээр Монгол Улсад хүрэлцэн ирлээ. Өрнөдийнхний стратегийн сонирхол нэмэгдэж буй, Хятад, Оросын дунд оршдог тус улсад Францын Ерөнхийлөгч түүхэндээ анх удаа айлчилж буй юм.


Э.Макрон Японы Хирошима хотноо болсон “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсоныхоо дараа оройны 18:30 цагийн орчимд нийслэл Улаанбаатарт газардсан тухай төрийн тэргүүнийг дагалдан явж буй төлөөлөгчдийн бүрэлдэхүүн дэх “AFP” агентлагийн гэрэл зурагчин мэдээллээ.


Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “Долоогийн бүлэг”-ийн уулзалтад гол зочноор оролцож, Барууны гол холбоотнууддаа төдийгүй Бразил, Энэтхэг зэрэг эвсэлд нэгдээгүй орнуудын удирдагчдад хандан үг хэлсэн юм.


2022 оны хоёрдугаар сард ОХУ Украин руу довтолсноос хойш Франц улс уг үйл явдлыг ил тодоор зэмлэн буруушаагаагүй орнуудтай яриа хэлэлцээ хийх чиглэлд хүчин чармайлтаа эрчимжүүлсээр байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь Монгол юм.


Э.Макрон Улаанбаатарт Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй хамт оройн зоог барина гэж Елисейн ордон мэдээлсэн билээ. Тэрбээр мөн 13-р зууны үеийн Монголын байлдан дагуулагч Чингис хааны музейг үзэж сонирхох бөгөөд музейн цуглуулгын зарим үзмэрийг Францын баруун хэсэгт орших Нант хотын түүхийн музейд ирэх 10 дугаар сард гаргахаар төлөвлөж буй үзэсгэлэнд үзүүлэх юм. 


Үүний дараа Э.Макрон Парисыг зорино.


Монгол Улсад буцах замдаа айлчилж буй нь анхны түүхэн айлчлал болж байгаагийн сацуу онцгой ач холбогдол өгч байна гэж төрийн тэргүүнийг дагалдан яваа төлөөлөгчдийн нэг мэдээлжээ.


Монгол Улс бол Орос, Хятадын дунд оршдог, далайд гарцгүй орон хэдий ч либерал засаглалын загвартай орон бөгөөд хоёр том хөрштэйгээ илүү найдвартай, илүү сайн нөхцөлд хамтран ажиллахын тулд түншлэлээ төрөлжүүлэхийг эрмэлздэг. Францын Ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр ОХУ-ын хөрш орнуудад ирж буй дарамтыг сулруулах, тэдэнд нэмэлт сонголт нээж өгөхийг зорьж байна” гэж Елисейн ордон мэдэгдсэн билээ.


Хоёр талын түвшинд Франц улс нь Монгол Улстай ялангуяа, эрчим хүчний салбарт хамтран ажиллах ихээхэн чухал боломжууд бий гэж үзэж байна.


Хойд Азийн өргөн уудам нутаг дэвсгэртэй Монгол Улс нь сүүлийн жилүүдэд Хятад улсын өсөлт хөгжлийг сааруулах стратегийн нэг хэсгийн хувиар АНУ-ын сонирхлыг татах болоод байна. Монголын нийт экспортын 86 хувь нь Хятад руу гарч байгаагийн тал хувь нь нүүрс юм.

Холбоотой мэдээ