СҮХБААТАР: Боомтын сэргэлт бидний ярилцах хамгийн чухал сэдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-05-21 11:39:50

Баруун-Урт /МОНЦАМЭ/. “Сүхбаатар аймаг – Хөгжилд хамтдаа” хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулган Боомтын сэргэлт-Бичигт боомт хэлэлцүүлгээр үргэлжилж байна. Хэлэлцүүлгийн панелистаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь оролцож байгаа бөгөөд тэрбээр энэ удаагийн чуулганаар ярилцах хамгийн чухал сэдэв бол боомтын сэргэлт гэдгийг тодотгов. 

Тэрбээр хэлэхдээ, “Сүхбаатар аймаг – Хөгжилд хамтдаа“ хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулганыг өнөөдөр өргөн хүрээнд Баруун-Урт хотод зохион байгуулж байгаад баяртай байна. Миний бие 2008 онд Сүхбаатар аймгийн 13 дахь Засаг дарга болж, 2009 онд Улаанбаатар хотод анх удаа хөрөнгө оруулалт хөгжлийн чуулганыг зохион байгуулж аймгийнхаа хөгжлийн чиг хандлагыг тодорхойлон, ирээдүйн дүр зургаа зурж байлаа. Баруун-Урт хот тухайн үед талын жижигхэн саарал хот байсан. 10 жилийн хугацаанд Сүхбаатар аймагт нэлээдгүй өөрчлөлт хийж, зүүн бүс нутагтаа томд тооцогдох хот болж, өнөөдөр энэхүү том чуулганыг орон нутагтаа зохион байгуулах хэмжээнд хүрсэн байна. Өнгөрсөн хугацаанд хүн ам, мал сүрэг хэд дахин өсөж, Баруун-Урт хот дотор 4.6 км замтай байсан бол одоо 60 гаруй км автозамтай болж, иргэдийн хадгаламж 5 тэрбумаас 140 тэрбум болж өссөн зэрэг нийгэм, эдийн засгийн өөрчлөлт гарсныг энд дурдахдаа таатай байна.

Биднийг хөгжлийн дараагийн түвшинд аваачих, зүүн бүс нутагт томоохон эргэлт авчрах эдийн засгийн шийдэл, гарцууд өнөөдрийн чуулганаас гарах ёстой. Гадаад далайд гарах зорилтын хүрээнд Боомтын сэргэлт бидний ярилцах хамгийн чухал сэдэв болж байна. Монгол Улсын далайд гарах гарц болох төмөр зам, автозамын төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын эдийн засаг 2-3 дахин нэмэгдэх боломжтой. Зүүн бүс нутагт хөрөнгө оруулах, хөгжилд хөтлөх боломжтой салбаруудад хөрөнгө оруулах замаар Монгол Улсынхаа эдийн засагт хувь нэмрээ оруулцгаая гэж  уриалж байна гэв. 

Холбоотой мэдээ