БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн ИТХ Алтайн "Эл Курултай"-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-05-19 13:49:21

Өлгий /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд Найрамдах Алтай Улсын "Эл Курултай" буюу Улсын Хурлын дарга Кохоев Артур Павлович тэргүүтэй ажлын баг Баян-Өлгий аймагт ажиллалаа.


Түүнийг Эл Курултайн төлөөлөгч Мызин Айдар Аркадьевич, Хурал хоорондын хамтын ажиллагааны комиссын дарга Ложкин Сергей Алексеевич, Алтай Улсын Хурлын хэвлэлийн төлөөлөгч бөгөөд нарийн бичгийн дарга Попова Ольга Степановна, Алтай Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Архипов Андрей Николаевич нарын албаны хүмүүс дагалдан явна.


Бүгд Найрамдах Алтай Улсын Эл Курултайн дарга Кохоев Артур Павлович өнөөдөр Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавал, Засаг дарга Камелият нартай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр талууд бүс нутгуудын найрамдалт харилцааны талаар ярилцаж, цаашид эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, боомтын үйл ажиллагааг идэвхжүүлэх, тээвэр, ложистикийн чиглэлээр хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо.


Мөн Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавал, Бүгд Найрамдах Алтай Улсын "Эл Курултай" буюу Улсын Хурлын дарга Кохоев Артур Павлович нар хамтран ажиллах протоколд гарын үсэг зурав. Тус баримт бичигт:


  • Баян-Өлгий аймгийн ИТХ болон Бүгд Найрамдах Алтай Улсын Эл Курултай хоорондын харилцааг эрх тэгш, талуудын түншлэл, ашиг сонирхлыг харилцан харгалзан үзэх зарчмаар хөгжүүлэх, хурлын үйл ажиллагааны асуудлаар харилцан туршлага солилцож ажил хэрэгч харилцааг дэмжих;

  • Аялал жуулчлалын чиглэлээрх хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган биелүүлэх, шинжлэх ухаан, соёл, эдийн засаг, худалдааны харилцааг хөгжүүлэх, дэмжих зэрэг асуудлуудыг тусгасан байна. 






Холбоотой мэдээ