“Samsung Galaxy Note 7” дэлбэрсний улмаас австрали залуу түлэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-09-09 10:12:11

МЕЛЬБУРН. /KAZINFORM/. “Samsung” корпорацийн үйлдвэрлэсэн ухаалаг гар утас дэлбэрсний улмаас австрали залуу түлэгджээ.

Там Хуа гэх залуу “намайг зочид буудалд унтаж байх үед миний “Samsung Galaxy Note 7” гэдэг шинэ ухаалаг гар утас дэлбэрсэн. Би утсаа цэнэглэж байсан” гэж лхагва гарагт ярьсан байна.

Түүний ярьснаар, утас бараг бүрэн шатсан бөгөөд энэ нь Австралид “Samsung Galaxy Note 7” дэлбэрсэн анхны тохиолдол ажээ.

Мөн тэрбээр хэлэхдээ “би сандарсандаа болоод утсаа шалан дээр хаяхад зочид буудлын өрөөний орны цагаан хэрэглэл, хивс шатсан. Миний гар түлэгдсэн” гээд “энэ хэргийн улмаас 1300 долларын хохирол учирсан, үүнийг “Samsung”-аар төлүүлнэ” гэв.

Цэнэглэж байхад батарей нь дэлбэрсэн тохиолдол нэг бус удаа гарсантай холбоотойгоор “Galaxy Note 7”-г зах зээлээс эргүүлэн татахаар болсноо “Samsung” корпораци энэ сарын эхээр зарласан билээ.

Уг утсыг өнгөрсөн наймдугаар сарын 7-нд 1035 доллароор худалдаанд гаргаснаас хойш батарей нь дэлбэрсэн 35 тохиолдол бүртгэгдээд байна.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ