ХОВД: Жилд 6500-7000 орчим жолооч бэлтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-05-17 17:28:54

Жаргалант /МОНЦАМЭ/. Баруун бүсийн хөгжлийн тулгуур төв Ховд аймагт 11 авто сургалтын байгууллага ажиллаж, жилд дунджаар 6500-7000 орчим жолооч бэлтгэж байна.   

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд тээврийн хэрэгслийн жолооч болон  явган зорчигчид чухал үүрэгтэй.

Өнгөрсөн онд Ховд аймгийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас 11 хүн амиа алдаж, 30 хүн гэмтсэн байна. Мөн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 40, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 93 бүртгэгдэж байжээ. Иргэд, жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо нэгнээ хүндлэхгүй, эгнээ байраа зөв эзлэхгүй, дохио өгдөггүй, холын гэрэл шилжүүлдэггүй, авто машинаа зогсоолд зөв байршуулдаггүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, стандарт бус тоноглолоор тоноглох, хурд хэтрүүлэх гэх мэт зөрчил их гаргадаг.

Иймээс замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, дүрэм журмыг биелүүлдэг, хариуцлагатай, зөв хандлагатай жолооч нарыг бэлтгэхэд мэргэжлийн байгууллагууд анхаарч эхэллээ.

Энэ хүрээнд өнөөдөр Ховд аймагт замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх "Хандлагаа өөрчилье" үйл ажиллагааг зохион байгуулж байна. 

Тус үйл ажиллагаанд Ховд, Баянхонгор, Увс, Говь-Алтай аймгийн авто сургалтын байгууллагуудын төлөөлөл 80 орчим хүн оролцож байгаа бөгөөд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрдүүлэхэд анхаарах асуудал, жолооч нарын мэдлэг ур чадвар, харилцаа, хандлагыг сайжруулах чиглэлээр мэдээлэл, туршлага солилцлоо. 

Холбоотой мэдээ