ДАРХАН-УУЛ: “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнд "Улаанбаатар гурил" ХХК нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-05-16 20:04:03

Дархан /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж, хаврын тариалалтын явц, хүнсний хувьсгалыг эрчимжүүлэх чиглэлээр үндэсний үйлдвэрлэгч ААНБ-уудын төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаатай танилцлаа.


Энэ хүрээнд "Улаанбаатар гурил" ХХК-ийн автомат, эко үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, үйлдвэрийн ажилтнуудтай уулзав.


Улс орны нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод” шилжиж үйлдвэрлэгч улс болох хөгжлийн санаачилгыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэвшүүлсэн. Уг санаачилгын хүрээнд “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн улс орон даяар өрнөж байна.


"Улаанбаатар гурил" ХХК дэвшилтэт технологийг нэвтрүүлэн үйл ажиллагаагаа явуулахын зэрэгцээ зах зээлийн 33 хувийг үйлдвэрлэж нийлүүлдэг аж. Ерөнхийлөгчийг ажиллах үеэр үндэсний үйлдвэрлэгч ААН-ийн төлөөлөл болж “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнд нэгдэж байгаагаа "Улаанбаатар гурил" ХХК-ийн хамт олон илэрхийллээ.


2001 онд 70 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулж байсан бол өдгөө 300 гаруй ажилтантай болж өргөжин, үйлдвэрийн хүчин чадал, борлуулалтын цар хүрээ, брэндийн нэр хүндээрээ үндэсний хэмжээний томоохон үйлдвэрлэгч болсон гэж гүйцэтгэх захирал Ц.Оюунсүрэн онцлов.


Мөн 21 аймагт байрлах 4000 харилцагчаар дамжуулан эрүүл мэндийн болон үндсэн ангилал бүхий 10 гаруй гурил, дайвар бүтээгдэхүүнийг улс орон даяар нийлүүлдэг аж.


"Улаанбаатар гурил"-ын үйлдвэр нь тариаланчидтай хамтран ажиллаж, хамгийн сайн сортын үр тариаг худалдан авахын зэрэгцээ сүүлийн үеийн эко горимтой Алапала брэндийн босоо технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлжээ. Уг технологи нь 100 хувь автомат бөгөөд цахилгаан зарцуулалтыг 25 хувь, усыг 12 хувь хэмнэдэг байгальд ээлтэй үйлдвэр юм байна.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн хамт Сангийн сайд Б.Жавхлан, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун болон албаны төлөөлөл ажиллалаа.


Холбоотой мэдээ