ХОВД: 45 мянга гаруй хүн “Дэлхийн зөн” ОУБ-ын төслийн үр шимийг хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-05-16 10:50:51

Жаргалант /МОНЦАМЭ/. “Дэлхийн зөн” олон улсын байгууллага (ОУБ) Ховд аймагт 2007 оноос хойш 16 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.

Энэ хугацаанд хүүхэд хамгаалал, боловсрол, эрүүл мэнд, өрхийн амьжиргааг дэмжих гэх мэт олон чиглэлээр төсөл хэрэгжүүлсэн туршлагатай.

Өнөөдөр Ховд Орон нутгийн хөтөлбөр, төслөөр дамжуулан хөдөө орон нутагт хэрэгжүүлсэн онцлох ажлаа нэгтгэн танилцуулж, үр дүнг нь олон талын оролцоотойгоор хэлэлцэх зорилго бүхий "Хамтдаа хөгжсөн 16 жил" сэдэвт талархлын өдөрлөг зохион байгууллаа.

Тус байгууллагаас Ховд аймагт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн гэрээ энэ онд дуусах бөгөөд өнгөрсөн хугацаанд 45 мянга гаруй хүнд төслийн үр өгөөжийг хүргэн ажиллажээ.     

“Дэлхийн зөн” олон улсын байгууллагаас Ховд аймагт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн ажилтай нягт уялдаа холбоотой байж, урт богино хугацаанд хамтран ажиллаж ирсэн албан байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, сурагчдын төлөөлөл өнөөдөр Хүүхдийн парк дээр цуглалаа. Энэ үeэр "Дэлхийн зөн" олон улсын байгууллагаас хөдөөгийн алслагдсан бүсэд амьдарч байгаа хүүхэд багачуудын хөгжлийг дэмжих, ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, чадамжийг сайжруулах чиглэлээр төсөл, хөгжлийн хөтөлбөрүүдийг үе шаттай хэрэгжүүлсэн нь олон эерэг үр дүн авч ирж байгааг албаны төлөөллүүд онцлон хэллээ.

“Дэлхийн зөн” олон улсын байгууллагын томоохон төслүүд 2023 он хүртэл үргэлжилж, дуусах шатандаа яваа. Цаашид хэд хэдэн жижиг төсөл үргэлжлэх юм.

Холбоотой мэдээ