БНХАУ-ын тусгай төлөөлөгч Украин, Польш, Франц, Герман, ОХУ-д айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-05-12 15:52:33

БЭЭЖИН. /RIA Novosti/. БНХАУ-ын тусгай төлөөлөгч Ли Хуэй Украины хямралыг улс төрийн арга замаар зохицуулах асуудлыг хэлэлцэхээр Украин, Польш, Франц, Герман, ОХУ-д хийх айлчлалаа тавдугаар сарын 15-нд эхлүүлнэ гэж Хятадын Гадаад хэргийн яамны /ГХЯ/ хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ. 


“Тавдугаар сарын 15-наас эхлэн Евразийн асуудал эрхэлсэн БНХАУ-ын Засгийн газрын тусгай төлөөлөгч  Ли Хуэй Украин, Польш, Франц, Герман, Орос зэрэг таван оронд айлчилж, Украины хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэх талаар бүх талтай хэлэлцэнэ" гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь баасан гарагт хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна. 


Тэрбээр хэлэхдээ, Ли Хуэйн энэхүү айлчлал нь Хятад улс энх тайван, яриа хэлэлцээг дэмжиж байгаагийн бас нэг илрэл юм гэж онцлон тэмдэглэв. Дипломатчийн хэлснээр, энэ нь Хятад улс нь "энх тайвны талд бат зогсож байгааг бүрэн харуулж байна".


Орос, Украины зөрчил сунжирч, хурцдаж байгаа энэ үед Хятад улс гал зогсоох, энхийн хэлэлцээг эхлүүлэх, байдлыг цаашид хурцатгахгүй байх талаар олон улсын зөвшилцөлд хүрэхэд үр бүтээлтэй үүргээ үргэлжлүүлэхэд бэлэн байна гэж ГХЯ-ны төлөөлөгч цохон тэмдэглэжээ. 


БНХАУ-ын дарга Ши Жиньпинь дөрөвдүгээр сарын сүүлчээр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаа ярих үеэрээ Хятад улс Евразийн асуудал эрхэлсэн Засгийн газрын тусгай төлөөлөгчөө Украин болон бусад оронд илгээж, Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах талаар дэлгэрэнгүй санал солилцоно гэж мэдэгдсэн билээ.


Холбоотой мэдээ