Гамшгийн эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар санал солилцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2023-05-11 08:03:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах байгууллагын Ази, Номхон далайн бүсийн захирал Марко Тоскано Ривалта нартай энэ сарын 10-нд уулзлаа. Уулзалтаар талууд гамшгийн эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар санал солилцов.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн, “Өнгөрсөн хугацаанд олон улсын тавцанд болсон үйл явдлуудын улмаас үүссэн гамшгийн эрсдлийг дэлхий нийтээрээ бууруулахад онцгойлон анхаарч байна. Эрсдлийг зөвхөн байгалийн аюулт үзэгдэл, гамшигтай холбохоос гадна бууруулах, шинэ эрсдлээс урьдчилан сэргийлэх нь нэн чухал юм. Тиймээс Улаанбаатар хот 2016 онд НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газрын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” санаачилгад нэгдэн орж, дэлхийн бусад хоттой туршлага хуваалцан, аюулгүй хот бий болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Улаанбаатар хотын хэмжээнд салбар хоорондын хамтын ажиллагаа, төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх замаар гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагааг зохион байгуулахад анхаарч ажиллаж байгаа. Энэ хүрээнд арга зүйн дэмжлэг үзүүлж, олон улсын сайн туршлагыг хуваалцан хамтран ажиллаж буй НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газарт талархал илэрхийлье” гэсэн юм.


Монгол Улс нь НҮБ-аас гаргасан “Дэлхийн тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030” тунхаглал, “Мянганы хөгжлийн зорилтууд”, “Парисын хэлэлцээр”, “Сендайн үйл ажиллагааны хүрээ” зэрэг дэлхийн улс орнуудын гамшгийн эрсдлийг бууруулах баримт бичгүүдэд нэгдэн орсон билээ.

Холбоотой мэдээ