Ө.Цэрэнчунт: Дэлхийн сонгодгуудыг Монголд эгшиглүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОДРУУЛГА
boloroo8136@gmail.com
2023-05-01 17:50:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улс, ОХУ, БНХАУ гурван орны дуурийн дуучид болон Японы балетчины оролцсон “Дэлхийн сонгодог Монголд” тоглолт УДБЭТ-ын тайзнаа энэ сарын 9-нд болно. Тус тоглолтыг санаачлагч, УДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Цэрэнчунтаас дараах мэдээллийг тодрууллаа.

 

-“Дэлхийн сонгодог Монголд” төсөл хэрэгжүүлэх санаа хэрхэн төрөв?

-Өмнө нь хэрэгжиж байсан “Дэлхийн сонгодог Монголд” төслийн анхны тоглолт 2022 оны 5 дугаар сарын 9-нд болсон. Тэрхүү тоглолтод дэлхийн сонгодог хэлбэрийн төрөлд монгол хөгжмийн зохиолчид, уран бүтээлчдийн бичсэн бүтээлүүд буюу монгол дуурийн ариг жүжигчилсэн хэлбэрээр дуулж үзүүлсэн юм. Энэхүү төсөл цаашид үргэлжилнэ. Учир нь дэлхийн сонгодог бүтээлүүдийг Монголд хэрхэн хэрэгжүүлж, сонгодог бүтээлүүд, бүтээгчид нь хэрхэн бэлтгэж байгааг үзүүлэх зорилготой. Энэ жил УДБЭТ-ын 60 жилийн ой тохиож буй. УДБЭТ одоогоос 60 жилийн тэртээ 1963 оны 5 дугаар сарын 18-нд П.И.Чайковскийн “Евгений Онегин” дууриар нээлтээ хийж байсан түүхтэй. Өнгөрсөн хугацаанд манай театрын уран бүтээлчид дэлхийн сонгодог бүтээлүүдээс тоглож, дэлхийн соёлт хүн төрөлхтөнтэй Монголын ард түмнийг ижилсүүлэх гэж хичээн зүтгэж ирсэн. Улсдаа ганц байдаг энэхүү театрт маш олон уран бүтээлч ажиллаж, хувь нэмрээ оруулахыг хүсдэг. Энэ цаг үед УДБЭТ-ын гоцлол дуучнаар ажиллаж буй залуу уран бүтээлчийн хувьд ямар хувь нэмэр оруулах вэ хэмээн үйлдлээрээ харуулахыг хичээж байна. Тиймээс өндөр шалгуур давж, нэгэнт дуурийн театрт ажиллаж байгаа бол юу хийж чаддагаа харуулах ёстой хэмээн энэхүү тоглолтыг ард түмэндээ толилуулах гэж байна.  


-Тоглолтынхоо бэлтгэл ажлыг хэр хангаж байна вэ?

-Тоглолтын бэлтгэлийг 2-3 төрлөөр хийж байна. Манай Монголд уран бүтээлчид зөвхөн уран бүтээлээ хийдэггүй. Зураг авалт, бичлэг, зохион байгуулалт, ивээн тэтгэгч олох гээд бүх л маркетингийн ажлаа өөрөө хийдэг. Нэг үгээр олон талт хэлбэрээр Монголын нийгэм дуучин, уран бүтээлчийг "ажиллуулдаг". Харин гадаадад дуучин, бүжигчин нь зөвхөн уран бүтээлээ сайн хийхийн төлөө зүтгэдэг. Тоглолтын бэлтгэл ажил одоогоор 70 хувьтай байна. Тоглолтын талаарх мэдээллийг үзэгчдэд хүргэх, тасалбараа борлуулах гээд хөтөлбөрөө гаргаад бэлтгэж байна.


-Тоглолтод ямар уран бүтээлчид оролцох вэ. Мөн энэ удаагийн тоглолтынхоо онцлогоос тодруулна уу?

-Тоглолтод ОХУ-ын Красноярск хотын Дуурь бүжгийн академик театрын гоцлол дуучин Александр Геннадьевич Михалев, БНХАУ-ын Шаньси мужийн дуурийн дуучин Жан Лэй нар сонгодог уран бүтээлүүдээ үзэгчдэд хүргэх бол Япон улсын балетчин Саки Токишима бүжиглэнэ. “Дэлхийн сонгодог Монголд” тоглолтод сонгодог урлагийн бүх цогц бүтээл оролцож буйгаараа онцлогтой. Сонгодог урлагийн бүх төрлөөр тайзнаа хоёр цаг гаруй хугацаанд үзэгчдийнхээ сэтгэл зүрхийг баясгах юм.

Мөн тоглолтын найруулагчаар С.Баттулга ажиллаж, төгөлдөр хуурч Ү.Уртнасан, УДБЭТ-ын Симфони найрал хөгжим, удирдаач Т.Юндэн нар оролцоно.

 

-Хэчнээн сонгодог бүтээл эгшиглэх вэ. Хөтөлбөрийнхөө талаар сонирхуулаач?

-Сонгодог урлаг, тэр тусмаа дуурийн дуучин, балетчины ажил бол нарийн мэргэжил. Сонгодог урлагийн тоглолтод үзэгчид өөрсдөө ирж шимтэн сонирхож, оюун ухааны ай саваа тэлэх, амьдралын стресс бухимдлаа тайлах, амгалан тайван байдлыг олохын тулд суут зохиолчдын бүтээлээс жаргалыг олж авдаг. Энэхүү тоглолтод дэлхийн шилдэг сонгодог бүтээлүүдээс эгшиглэнэ. Тухайлбал, В.А.Моцарт, Ж.Верди, П.И.Чайковскийн бүтээлүүд эгшиглэхгүй бол сонгодог тоглолт хэмээж болохгүй. Тоглолтод монгол, орос, итали, герман, хятад гээд зургаан орны хэлээр дуулна. Монгол дэлхийн нэг хэсэг учраас дэлхийн сонгодог бүтээлд Б.Шарав, Д.Лувсаншарав, Н.Жанцанноров нарын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд багтаж байгаа нь хамгийн бахархууштай.  


-Манай сонгодог урлагийн уран бүтээлчдийн чадвар дэлхийн аль ч улс орныхоос дутахгүй гэдэг?

-Тийм шүү. Өнгөрсөн 60 жилийн хугацаанд ахмад уран бүтээлч, ах эгч нар маань сонгодог урлагийг Монголд хөгжүүлэхдээ зөв школ, зөв сургалтыг хийсэн учраас манай зарим мундаг дуучин дэлхийн театруудад дуулж байна. Бид хувийн биш олноороо хамтарч хийдэг энэхүү сонгодог бүтээлийг мэдрэн, хэрвээ стандарт байдаг бол дээш нь давуулж, дэлхийн стандартад ойртуулж, шинийг санаачилж тууштай зүтгэх ёстой. Дуурь маш олон хүний хамтын бүтээл учраас монгол бүтээлийг дэлхий үзэх үү гэдэг нь бидэнд сонирхолтой. Тухайлбал, Л.Билэгжаргалын “Ламбугайн нулимс”, Ц.Нацагдоржийн “Үүлэн заяа”, Гүн гэрийн гүнж” дуурийг дэлхийн аль нэг орны театрт тавих гэж зорих нь хамгийн чухал. Тиймээс монгол хүний оюунаас бүтсэн оюуны бүтээлийг экспортолж чадвал дэлхийд Монголыг тольдох боломж юм болов уу гэж үзэж байна. 





Холбоотой мэдээ