“Аж үйлдвэр технологийн парк” төсөлд БНХАУ-ын ААН-үүд хамтрахаа илэрхийлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-09-07 17:04:12
oyuka_hu@yahoo.com

БНХАУ-ын Эрээн хотод болсон “ОХУ, БНХАУ, Монгол Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа”-ны чуулга уулзалтад аймгийн Орхон аймгийн Засаг даргын орлогч тэргүүтэй албаны хүмүүс оролцоод ирлээ.

Уг хуралдаанд гурван улсын төр, бизнесийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн 400 гаруй хүн оролцсон юм. Энэ үеэр Засаг даргын орлогч А.Түвшинжаргал Орхон аймагт “Аж үйлдвэр технологийн парк” байгуулах төслийг танилцуулсан. Тэрээр “Манай аймагт Аж үйлдвэр технологийн парк байгуулах газар, эрх зүйн орчин бүрдсэн. Тиймээс энэ төсөлд хөрөнгө оруулалт хийх байгууллагуудтай нээлттэй хамтран ажиллах болно” гэдээ илэрхийлсэн юм. Үүний дараа  БНХАУ-ын хэд хэдэн аж, ахуйн нэгж байгууллага хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж Орхон аймагт зочлохоор болжээ. Хэрэв тус парк ашиглалтад орвол Орхон аймагт 5000 иргэн ажлын байртай болох юм.

“Гурван улсын эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга” уулзалтын үеэр  БНХАУ-ын Эрээн хотын даргатай орон нутгийн удирдлагууд уулзаж нийтийн тээвэр, хот тохижилт,  боловсрол, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх боломжтой хэмээн үзжээ.

Б.Оюун-Эрдэнэ

 

 

Холбоотой мэдээ