“Super Mario” орлого нь тэрбум ам.долларын босго давсан энэ оны анхны кино болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2023-05-01 12:51:16

ЛОС-АНЖЕЛЕС. /AFP/. Америкийн “Universal Pictures компанийн уран бүтээл “The Super Mario Bros. Movie” хүүхэлдэйн кино өнгөрсөн долоо хоногт “Box Office”-ын жагсаалтыг дахин тэргүүлснээс гадна дэлхийн зах зээлээс олсон орлогынх нь хэмжээ нэг тэрбум ам.долларын босго давсан талаар шинжээчид ням гарагт мэдээллээ.


Видео тоглоомоос сэдэвлэсэн энэхүү кино нь өнгөрсөн баасан гаргаас ням гаргийн хооронд АНУ, Канадын кинотеатруудаас 40 сая ам.долларын орлого олсноор Хойд Америкийн зах зээлээс нийт 490 сая ам.долларын орлого олоод байна гэж “Exhibitor Relations” судалгааны фирм мэдээлжээ.


Мөн бусад зах зээлээс 532 сая ам.долларын орлого олоод байгаа тул нийт орлогынх нь хэмжээ 1.02 тэрбум ам.долларт хүрсэн байна.


Ингэснээр “Universal”, “Nintendo”, “Illumination” студийн хамтын бүтээл “Super Mario” нь энэ он гарсаар нэг тэрбумаас дээш ам.долларын орлого олсон анхны кино болсны зэрэгцээ ийм амжилт үзүүлсэн 10 дахь хүүхэлдэйн кино боллоо гэж “Hollywood Reporter” сэтгүүлд мэдээлжээ.


Өнгөрсөн долоо хоногийн “Box Office”-ын жагсаалтын хоёрдугаарт “Warner Bros” компанийн “Evil Dead Rise” аймшгийн кино 12.2 сая ам.долларын орлогоор бичигдсэн бол араас нь “Are You There God? It's Me, Margaret” /6.8 сая ам.доллар/, “John Wick: Chapter 4” /5 сая ам.доллар/, “Return of the Jedi” /4.8 сая ам.доллар/ кинонууд удаалсан байна. 

Холбоотой мэдээ