Газрын харилцаатай холбоотой мэдээллийг ил тод, нээлттэй болгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цахим хөгжил, харилцаа холбооны яам, НЗДТГ хамтран "Шилэн төр, цахим шилжилтэд таны оролцоо" цуврал уулзалтыг Хан-Уул дүүргийн төрийн албан хаагчдын дунд зохион байгууллаа.
Уулзалтын үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал "Шилэн төр,
цахим шилжилт”-ийн хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлаа танилцуулав. Тэрбээр “Төрийн
ажил, үйлчилгээ технологид суурилсан, ил тод, шилэн болчихвол ямар ч албан
тушаалтан жирийн албан хаагчийн ажилд нөлөөлж чадахгүй. Энэ боломжийг бүрдүүлэхээр
“Шил” ажиллагааг эрчимжүүлж байна.
Төрийн өмчийн байруудын
түрээсийн орлого, ХААДС-гийн зээлийн
мэдээлэл, ЖДҮ-ийг хөгжүүлэх
сангийн зээл, ТУЗ-ийн гишүүдийн нэрс, цалинг ил болгосон. Хотын дарга газрын харилцаатай холбоотой
мэдээллийг нийтэд ил тод, нээлттэй болгохыг зорьж байгаа. Түүнчлэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг
дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг өөрчлөх цаг болсон. 300-400 мянган хүн амтай дүүргийг 30, 40
мянган оршин суугчтай сумтай жиших боломжгүй. Ийм тогтолцоотой байхад төрийн үйлчилгээг иргэдэд ижил
тэгш, хурдан шуурхай хүргэх боломжгүй” гэв.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Нэгдсэн
байдлаар цахим шилжилт хийх хэрэгтэй. Улаанбаатар хотод цэцэрлэгийн бүртгэлийг цахим болгосон. Нийслэлийн нутгийн
захиргааны байгууллагуудын өргөдөл гомдол, албан бичгийг цахимаар шийдэх ERP
систем, тээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийн Smart car систем, хэсгийн ахлагч
нарын ажлыг хөнгөвчлөх Digital city систем, үйлчилгээ эрхлэх хүсэлтийг цахимаар
илгээх Онлайн бизнес төв систем, өрхийн эмнэлгийн цаг захиалах системийг цахим
шилжилтийн хүрээнд хөгжүүлж байна” гэлээ.
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Газрын харилцаатай холбоотой мэдээллийг нийтэд ил тод болгож, Газрын бирж байгуулах санаачилга гаргаад байна. Иргэн газар авахдаа хэн нэгний гарын үсгийг царайчилж, хүлээж суудаг тогтолцоог хална. Үүнийг дагаад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид өөрчлөлт оруулах хэрэгтэй. Төрд нүсэр бүтэц хэрэггүй тул цахим шилжилтийг салбар бүрд хийх ёстой” гэсэн юм.