ХОВД: Малчдын эрсдэлийн сан байгуулах санал гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-04-27 09:52:21

Дарви /МОНЦАМЭ/. “Нээлттэй Ховд” өдөрлөг энэ сарын 26-нд  Дарви суманд боллоо.

Хөдөөгийн иргэдэд төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээг нэг цэгээс хүргэж, тэдний санал бодлыг сонсох зорилготой "Нээлттэй Ховд" өдөрлөгт тус сумын 800 орчим иргэн оролцов.
Тодруулбал, Дарви сумын 396 иргэн нийгмийн даатгал, газрын харилцаа, улсын бүртгэл,  хөдөлмөр эрхлэлттэй холбоотой  5 байгууллагын төрийн үйлчилгээг нэг цэгээс шуурхай авчээ.

Мөн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар, ахмад гавьяат эмч нарын хамтарсан эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд Дарви сумын 398 иргэн хамрагдлаа.
Нээлттэй Ховд” өдөрлөгийн хүрээнд аймгийн Засаг дарга Э.Болормаа, ЗДТГ-ын дарга Б.Баярсүх нар Дарви сумын иргэдтэй уулзалт хийлээ.

Энэхүү уулзалтын явцад аймаг орон нутгаас хэрэгжүүлсэн ажил, цаашдын зорилтын талаар танилцуулж, иргэдийн санал бодлыг сонсов.

Иргэдийн зүгээс газар тариалан эрхлэх боломжийг өргөжүүлэх, Хөшөөтийн уурхайн тоосонцрыг багасгаж хүн, малын эрүүл мэндийг хамгаалах,  уул уурхайн салбарын ажлыг хариуцлагажуулах, малчдын амьжиргааг сайжруулж, малчдын эрсдэлийн сан байгуулах, ноос, ноолуурын үнийг тогтвортой болгох чиглэлд анхаарч ажиллахыг хүслээ.
Аймгийн Засаг дарга Э.Болормаагаар ахлуулсан ажлын баг өнөөдөр Цэцэг суманд ажиллаж, “Нээлттэй Ховд” өдөрлөгийн хүрээнд төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээг нэг цэгээс иргэдэд хүргэнэ.  


Холбоотой мэдээ