Хар тэнгисийн хийг Туркт нийлүүлэх ажлыг эхлүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2023-04-21 11:24:15

АНКАРА. /TRT/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган тус улсад Хар тэнгисийн хийг нийлүүлэх ажлыг пүрэв гарагт эхлүүллээ. Ёслол Зонгулдак мужийн “Фильос” хий боловсруулах цогцолборт болсон байна. 


“Өнөөдөр бид удахгүй болох Ураза-байрам болон Турк улс эрчим хүчний хувьд хараат бус болоход чухал алхмыг тавих Хар тэнгисийн хийн хангамжийг эхлүүлэх гэсэн хоёр баярыг нэгэн зэрэг тэмдэглэж байна” гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ. 


Эхний ээлжид бид өдөрт 10 сая шоо метр хий олборлоно. Төсөл бүрэн хүчин чадлаараа ажилласнаар манай улсын байгалийн хийн хэрэгцээний 30 хувийг хангах боломжтой болохын сацуу энэхүү төслийн ачаар Фильос, Зонгулдак хот эрчим хүч, технологийн чухал бааз болно" гэж Р.Эрдоган хэлэв.


Туркийн удирдагчийн хэлснээр, тус улсын иргэд гал тогоондоо, мөн ус халаахад хэрэглэх тохиолдолд жилийн турш хийн төлбөр төлөхгүй. Үүнээс гадна, орон сууцны халаалалтад ашиглахдаа нэг сарын турш үнэ төлбөргүй хий хэрэглэх боломжтой.  Хар тэнгисийн хийг туркчууд тавдугаар сарын эхний долоо хоногоос хэрэглэж эхлэх аж.


Хар тэнгис дэх Туркийн байгалийн хийн хайгуулын нөөц одоогоор 710 тэрбум шоо метр байгаа нь дотоодынхоо хэрэгцээг 35 жилийн хугацаанд ахуйн хэмжээнд хангахад хангалттай хүрэлцэнэ гэж Туркийн Эрчим хүчний сайд Фатих Донмез ёслолын үеэр мэдэгджээ.


Туркийн хэрэглэгчдэд Хар тэнгисийн хийг гуравдугаар сард нийлүүлж эхлэхээр төлөвлөж байсан хэдий ч хоёрдугаар сард тус улсын зүүн өмнөд нутагт хүчтэй газар хөдөлсний улмаас эрх баригчид төлөвлөгөөгөө эргэн харахаас өөр аргагүйд хүрчээ.




Холбоотой мэдээ