Серена Уильямс 308 дахь ялалтаа байгууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
sarnai@montsame.mn
2016-09-07 10:26:03

ВАШИНГТОН. /BBC/. Дэлхийд чансаагаараа тэргүүнд бичигддэг мэргэжлийн теннисчин Серена Уильямс Нью-Йорк хотод болсон Америкийн нээлттэй тэмцээнд Казахстаны теннисчин Ярослава Шведоваг ялснаар Их дуулгын тэмцээний шинэ дээд амжилтыг тогтоолоо.

Өдгөө 34 настай Америкийн алдарт теннисчний хувьд өрсөлдөгчөө 6:2, 6:3 харьцаагаар буулгаж авснаар мэргэжлийн талбайн теннисний түүхэнд 308 ялалт байгуулж, энэ үзүүлэлтээр Швейцарийн алдарт теннисчин Рожер Федерерийг гүйцэж түрүүлсэн байна.

Тэрбээр дөрөвний нэг шигшээд Румын улсын теннисчин  Симона Халеп-тай тоглох бөгөөд Халеп нь Испанийн теннисчин Карла Суарез Наваррог 6:2, 7:5 харьцаагаар хожсон юм.

308 дахь ялалтаа байгуулсан С.Уильямс “Энэ бол маш том тоо. Үнэндээ маш чухал ач холбогдолтой тоо гэж бодож байна. Би өнөөг хүртэл тоглосоор байна гэж хэзээ ч бодож байгаагүй. Би хэзээ тоглохоо болих вэ гэдгээ үнэхээр мэдэхгүй байна. Өмнө нь байдаг гэдгийг нь ч мэдэхгүй явсан, байсан ч хэзээ ч хүрч чадахгүй мэт санагддаг энэ рекордыг эвдсэн энэ мөчийг би зүгээр л баяр хөөртэй өнгөрүүлмээр байна” гэжээ.

С.Халеп-ийн хувьд С.Уильямсын эсрэг 8 удаа тоглохдоо 7-д нь хожигдоод байгаа бөгөөд хагас шигшээд түүнийг буулган  авч чадна гэдэгтээ итгэлтэй байгаа ажээ.

Х.Сарнай

 

 

 

Холбоотой мэдээ