ХОВД: “Амьдралын чанар”, “Шударга ёс”, “Шинэ сэргэлтийн бодлого” гэсэн гурван зүйлд Ховдынхон төвлөрөн ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. Монгол Улсын
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ төрийн байгууллагын ажилтан,
албан хаагчидтай уулзлаа.
Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх
болон бусад албаны төлөөллийн зүгээс улс, аймаг орон нутгийн нийгэм, эдийн
засгийн өнөөгийн байдал, томоохон төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцуулжээ.
Тус аймаг нь “Амьдралын чанар”, “Шударга ёс”, “Шинэ сэргэлтийн бодлого” гэсэн үндсэн гурван зүйлд төвлөрөн ажиллаж байгаа бөгөөд цаашид Үйлдвэрлэл технологийн паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлэх, нисэх онгоцны буудлыг өргөтгөх, ундны усны асуудлыг шийдвэрлэх зэрэг томоохон зорилт дэвшүүлжээ. “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Ховд аймаг манлайлан оролцож байна.
"Цаашид төрийн албан хаагчид
хууль дээдэлж, шударга, хариуцлагатай байж, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх, мэргэжил,
ур чадвараа байнга хөгжүүлэн, бүтээмжээ сайжруулахын зэрэгцээ төр, засгаас
хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар үнэн бодит мэдээллийг тухай
бүрт өгч байхыг" Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чухалчиллаа. Мөн төрийн тэргүүний хувьд орон
нутагт төрийн алба хашиж байгаа хүмүүсийн цалин, нийгмийн халамж, баталгааг нь
хангах чиглэлээр Улсын Их Хурал, Засгийн газрыг шахаж, шаардаж ажиллана гэдгээ
хэлсэн гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар мэдээллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр үргэлжлүүлэн Зэвсэгт хүчний 123 дугаар анги болон Баруун бүсийн Онцгой байдлын газарт ажиллана.