Он гарснаас хойш 5.6 мянган тонн хивэг экспортлоод байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-04-17 10:06:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс он гарснаас хойш 5.6 мянган тн хивэг экспортолж, 11.4 мянган тн хивэг тэжээлийг импортлоод байна. Өнгөрсөн онд 33 тн хивэг экспортолж, 14.1 мянган тн хивэг тэжээлийг импортоор авсныг ХХААХҮЯ мэдээлэв.


Мал аж ахуйн салбарын өвөл, хаврын бэлтгэл хангах хүрээнд орон нутагт байгалийн хадлан 1.2 сая тн, сүрэл 15 мянган тн, ногоон тэжээл 258.2 мянган тн, гар тэжээл 47.9 мянган тн, дарш 13.1 мянган тн, эрдэс тэжээл 92.2 мянган тн, үйлдвэрийн тэжээл 32.4 мянган тн-ыг бэлтгэжээ. Энэ нь бэлтгэхээр төлөвлөсөн байгалийн хадлан, тэжээлийн 80 гаруй хувь юм. Үүнээс малчид 1.1 сая тн байгалийн хадлан, 15 мянган тн сүрэл, 88 мянган тн ногоон тэжээл, 32.4 мянган тн үйлдвэрийн тэжээл, 47.9 мянган тн гар тэжээл, 13.1 мянган тн дарш, 92.2 мянган тн давс, хужир шүү бэлтгэжээ. Энэ нь бэлтгэвэл зохих хадлан, тэжээлийн 84.5 хувь юм.


Харин аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд байгалийн хадлан 21 мянган тн, тэжээл 8.2 мянган тн-ыг бэлтгэн нөөцөлжээ. Ингэснээр аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн өвсний 94 хувийг, тэжээлийн 69 хувийг бэлтгэсэн байна.


Түүнчлэн, өнгөрсөн онд гурил, газар тариалангийн үйлдвэрлэлээс 210.5 мянган тн хүчит үйлдвэрлэж, зах зээлд 1 тонн хивгийг 520 000-800 000 төгрөгийн үнээр нийлүүллээ. Одоогоор гурил тэжээлийн үйлдвэрүүд 1263.2 тн хивэгний нөөцтэй байна. Үүнээс хүчит тэжээл үйлдвэрлэж буй үйлдвэрүүдэд 200-350 тн багсармал, эрдэст тэжээлийн нөөц байгаа аж. 

Холбоотой мэдээ