ЭМГЭНЭЛ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-04-16 14:45:29
@ShoovdorBatbold

ГАЖИДЫН БААТАРЧУЛУУН

(1928-2023 ОН)

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, МОНЦАМЭ агентлагийн ахмад сэтгүүлч Гажидын Баатарчулуун таалал төгсөж, Монголын Үндэсний Мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, Монголын хэвлэл, мэдээллийн салбарт хүнд гарз учирлаа. 


Гажидын Баатарчулуун нь 1928 оны Шар луу жил Богдхан уулын аймгийн Дэлгэрхангай уулын хошуу буюу одоогийн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Их Шанхай уулын Цагаан хад гэдэг газар малчин ард Гажидын 9 дүгээр хүү болон төрж, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт хүүхэд насаа өнгөрөөжээ. Арваад наснаас сайн дурын 3 сарын сургуульд суралцан, монгол бичиг, 4 аргын тоо заалгасан байна. Дараа нь сумандаа шинэ үсгийн бүлгэм байгуулагдахад кирил үсэгт суралцжээ. Улмаар Улаанбаатар хотод Санхүүгийн сургууль, Намын дээд сургуульд суралцаж санхүүч, улс төрийн ажилтан мэргэжил эзэмшин нам, залуучуудын байгууллагын үзэл суртлын ажил эрхэлж байхдаа төвийн хэвлэл мэдээллийн газруудад мэдээ, сурвалжилга бичиж идэвхтэй ажилласан тул тухайн үеийн Мэдээлэл, Радиогийн Хэрэг эрхлэх газарт түүнийг сурвалжлагчаар авч ажиллуулсан байна.


Г.Баатарчулуун нь МОНЦАМЭ агентлагт ажиллаж байгаад Москва хотноо Ломоносовын нэрэмжит Улсын Их сургуульд суралцан 1968 онд сэтгүүлч мэргэжлээр төгсөж, Мэдээлэл, Радио, Телевизийн улсын хороо, Мэдээллийн МОНЦАМЭ агентлагт  тасралтгүй  35 жил ажилласан юм. Тэрээр мэдээллийн байгууллагад 35 жил ажиллахдаа 30 мянга гаруй мэдээ мэдээлэл бичиж, төвийн сонин хэвлэлд нийлүүлжээ. Мөн хот, хөдөөгийн сурвалжлагч, идэвхтэн бичигчдийн 20 мянга орчим мэдээ мэдээллийг боловсруулж, хянан засварласан байна. 


Сэтгүүлч, уран бүтээлчийн хувиар “Сэтгэл татсан сэрүүн сайхан хангай”, “Миний нутгийн дуу сайхан”, “Амьдралын арван гурван хүчтэн”,  “Дэлхий дүүрэн хүүхэд багачууд”, “Газар дэлхий минь”, “Хүн эрдэнэ”, “МОНЦАМЭ-гийн ивээл буянаар Монголдоо сэтгүүлч болов”, “Дайн дажин үзэхгүй, Дандаа тайван байя”, “Алтан номын хишиг буян” зэрэг ном туурвиж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Ардын хувьсгалын ойн медалиуд, Засгийн газрын хүндэт жуух, Монгол Улсын хэвлэл мэдээлэл, радио, соёлын болон санхүү банкны тэргүүний ажилтан, Залуу  үеийг халамжлан хүмүүжүүлэгч, Үйлдвэрчний эвлэлийн тэргүүний идэвхтэн, МОНЦАМЭ агентлагийн дээд шагнал “Алтан дүрмийн эзэн” цол тэмдгээр шагнуулж байлаа. Түүний хөдөлмөр зүтгэл, уран бүтээлчийн авьяас чадварыг төр засгаас өндрөөр үнэлж, 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Соёлын Гавьяат Зүтгэлтэн цол, тэмдгээр шагнасан юм.


Гажидын Баатарчулуун МОНЦАМЭ агентлагийн парламент дахь сурвалжлагчаар олон жил ажиллан, нам, төрийн тэргүүн Ю.Цэдэнбалыг 28 жил дагаж сурвалжилсан байна. Түүнчлэн 1958-1990-ээд оныг хүртэл Монголд айлчилсан гадаадын өндөр дээд түвшний зочид, төлөөлөгчид болох сансрын нисгэгч, ЗХУ-ын баатар Герман Титов, анхны  эмэгтэй сансрын нисгэгч, ЗХУ-ын баатар Валентина Терешкова, Энхтайвны Нобелийн шагналтан, 14 дүгээр Далай ламын удаа дараагийн айлчлалыг дагаж сурвалжилжээ. Мөн ЗХУ-ын төрийн тэргүүн Л.И.Брежнев, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Эньлай, БНАСАУ-ын удирдагч асан Ким Ир Сен зэрэг тухайн үеийн найрамдалт харилцаатай орнуудын төрийн тэргүүнүүдийг Монгол Улсад айлчлахад сурвалжилж байв.


Өндөр насыг насалж, хөдөлмөр бүтээлээрээ алдаршсан Гавьяат сэтгүүлчийн шуурхай дайчин зан чанар, авьяас билэг, хүмүүнлэг үйлс нь залуу хойч үеийн сэтгүүлчдэд ямагт үлгэр дууриал болсоор байна. 


Талийгаачийн эгэл даруу, хүнлэг нөхөрсөг зан чанар, элэгсэг дотно дүр төрх, бүтээн туурвихийн үлгэр дууриалал нь бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.


МОНЦАМЭ агентлагийн хамт олон, Ахмадын хороо,

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд



Холбоотой мэдээ