АНУ-Лаосын харилцаанд шинэ эрин үе эхлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-09-06 16:49:34

ВЬЕНТЯН. /VOA/. Харилцан бие биенээ хүндэтгэж, “өнгөрсөн цаг үеийн шархыг эдгээх гэсэн хүсэл эрмэлзлийн” үндсэн дээр АНУ-Лаосын харилцаанд шинэ эрин үе эхэллээ гэж Цагаан ордон мэдэгдсэн байна.

АСЕАН-ы Дээд хэмжээний уулзалт болохын өмнөхөн буюу өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Лаос улсад айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Боуннханг Ворачит-тай хэлэлцээ хийжээ. Обама бол албан тушаалдаа байх үедээ Лаост айлчилж буй Америкийн анхны Ерөнхийлөгч юм.  

Хэлэлцээний үеэр Обама мэдэгдэхдээ, 1960-1970 оны дайны жилүүдэд АНУ-ын агаарын цэргийн хүчний Лаосын нутаг дэвсгэрт хаясан тэсрэх бөмбөгнүүдийг цэвэрлэх ажиллагаанд зориулж 90 сая долларын тусламж үзүүлэхээ амлажээ. Дайны үеэр хаясан нийт 2,2 сая ширхэг бөмбөгний 1/3 нь тэсрээгүй үлдсэн нь Лаосын эдийн засгийн хөгжилд саад болсоор байгаа юм.

Дайны үеэр сураггүй алга болсон Америкийн цэргүүдийг хайх ажиллагаанд хамтран оролцож буй Лаосын талд Обама талархал илэрхийлжээ.

Нөгөөтэйгүүр, АСЕАН-ыг даргалж буй Лаос улсыг хүний эрхийн асуудлаар олонтоо шүүмжилдэг. Харин Обама, Ворачит нарын уулзалтын үеэр уг асуудлаарх "талуудын ойлголтын ялгаа улам багассан" байна.

Б.Обама Лаост айлчилсаныхаа дараа тус улсад болох АСЕАН болон Зүүн Азийн Дээд хэмжээний уулзалтуудад оролцох юм. Энэ үеэр тэрбээр Номхон далай дамнасан түншлэлийн гэрээний /TPP/ талаарх өөрийн байр суурийг илэрхийлэх аж. Номхон далайн 12 улстай байгуулах энэ гэрээ бол Обамагийн Азид явуулж буй бодлогын гол чухал хэсэг билээ. Тэрбээр хэлэхдээ “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас өмнө уг гэрээг Конгрессоор батлуулна” гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

Харин гэрээг эсэргүүцэгчдийн үзэж байгаагаар, ТРР-ийг батлах нь АНУ-д ажлын байрны тоог бууруулах сөрөг талтай гэнэ.

Х.Сарнай 

 

Холбоотой мэдээ