Дулааны станцыг 2024 оны зургаадугаар сард ашиглалтад хүлээлгэн өгнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-04-13 14:50:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “10 аймгийн төвийн дулааны цахилгаан станц барих төсөл”-ийн барилга угсралтыг өнгөрсөн онд эхлүүлээд байгаа. Дулааны станцын барилга, тоног төхөөрөмжийн угсралт, нэгдүгээр хэлхээний шугам сүлжээний суурилуулалтыг энэ онд хийж, 2024 оны зургаадугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөх юм.


Эрчим хүчний дэд сайд, төслийн удирдах хорооны дарга М.Баярмагнайгаар ахлуулсан баг 10 аймгийн дулааны станцын барилга угсралтын явцыг шалгаж, үүрэг даалгавар өглөө. Өвөрхангай, Баянхонгор аймгийн дулааны станцын барилгын талбайд энэ сарын 12-13-нд ажлын явцтай танилцаж, орон нутгийн удирдлагуудтай уулзсаныг ЭХЯ-наас мэдээлэв.


Төслийн ерөнхий төлөвлөгөөний дагуу 2022 онд барилгын талбайн дэд бүтцийн түр хангамжуудын холболт, төслийн ерөнхий болон нарийвчилсан зураг төсөл, дулааны станц, зуухны суурийг хийжээ. БНХАУ-аас зуухны 99 багц тоног төхөөрөмжийг өнгөрсөн 2 дугаар сард тээвэрлэж, барилгын талбайд хүргээд байна. Зуухны угсралтыг тавдугаар сарын 1-нд эхлүүлж, дулаан дамжуулах төв, дулааны нэгдүгээр хэлхээний шугам сүлжээний ажлыг энэ онд гүйцэтгэх юм.


Дэд сайд М.Баярмагнай төслийн оролцогч талуудад дулааны станц ашиглалтад орох хүртэл иргэдийг найдвартай дулааны эрчим хүчээр хангах бүх арга хэмжээг авах, төслийн барилга угсралтыг эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах, тулгарч болзошгүй эрсдэл бүрийг тооцож, дулааны станц, дулаан дамжуулах төв, шугам сүлжээний ажлыг ерөнхий болон туслан гүйцэтгэгч нар чанарын өндөр төвшинд заасан хугацаанд бүрэн гүйцэтгэхийг даалгалаа. 


Холбоотой мэдээ