“Ньютон” хар салхи Мексикийг чиглэн ирж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНМЕХИКО. /BBC/. “Ньютон” хар салхи баруун хойд зүгийг чиглэн ойролцоогоор цагт 120 км-ийн хурдтайгаар ойртон ирж байгаа бөгөөд Калифорнийн хойгийн өмнөд хэсгийг дайрах төлөвтэй байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд хар салхи Мексикийн баруун өмнөд муж болох Гуэрреро-г дайран өнгөрсөн бөгөөд улмаар халуун орны шуурга болж хувирчээ. Бямба гарагт орж эхэлсэн аадар бороо тус мужийн 30 гаруй газарт хөрсний нуралт үүсгэснээр гол замууд хаагдахад хүрсэн байна. Акапулько-гийн амралтын газарт л гэхэд их хэмжээний үер бууж, хөрсний нуралт үүсчээ.
Мексикийн Засгийн газар Баха Калифорни муж улсын баруун эргийн оршин суугчид буюу Пуэрто-Кортесээс Кабо Сан Лазаро хүртэлх газарт байгаа бүх хүмүүст хандан хар салхинаас болгоомжлохыг анхааруулсан байна. Эдгээр нь аялал жуулчлалын гол бүс нутаг юм.
Хар салхи судлалын үндэсний төвөөс мэдэгдсэнээр, хар салхины төв дэх хурд Кабо-Сан-Лукас хотын зүүн өмнөд хэсэгт 350 км/цагт хүрсэн бол одоогоор 26 км цагийн хурдтайгаар эргийг чиглэн ирж байгаа ажээ. “Ньютон” хар салхи энэ хурдаар явбал Баха Калифорниа-гийн өмнөд хэсэгт мягмар гараг гэхэд хүрч, лхагва гарагийн өглөө гэхэд тус улсын баруун хойд нутгийг дайран өнгөрөх төлөвтэй байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-ын Флорида муж улсыг “Хермин” хар салхи дайран өнгөрсөн бөгөөд улмаар эрч нь саарснаар халуун орны шуурга хувирч, АНУ-ын зүүн эргээс холджээ.
Х.Сарнай