Өвөлжилтийн зарим бэлтгэл ажил хөрөнгө мөнгөнөөс шалтгаалан хүлээгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-09-06 11:35:37

Сүхбаатар аймгийн төвийн иргэдийг хэрэглээний ус, дулаанаар хангадаг Дөрвөлж ОНӨҮГ аймгийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу өвөлжилтийн ажлаа хийж байна. Хөрөнгө санхүүгийн асуудалтай холбоотойгоор төлөвлөсөн ганц нэгэн ажил хийгдэж чадалгүй хойшлогдож, хүлээлтийн байдалтай байгаа гэнэ. Энэ нь үйлдвэрийн үргүй зардлыг багасгахтай холбогдуулан техникийн шинэчлэл хийх ажил юм байна.

Дөрвөлж ОНӨҮГ-ын ерөнхий инженер Б. Лантуу хэлэхдээ: “ Дулааны гадна шугам сүлжээний засварын ажил хийгдээд дууссан, дулааны хоёр зуухны засвар хийгдэж байгаа. Усан хангамжийн тал дээр үйл ажиллагаа хэвийн явж байна, хийгдэх ёстой засвар үйлчилгээнүүд хийгдсэн. Ерөнхийдөө төлөвлөсөн ажлын 30 гаруй хувь нь дутуу байна. Энэ нь мэдээж хөрөнгө мөнгөтэй холбоотой. Хөрөнгө мөнгөний асуудал даруй шийдэгдвэл 9 сарын 20-д гэхэд дутуу ажлаа дуусгах болно. Харин үүнээс хэтэрвэл асуудал хүндрэх талтай байна.” гэлээ.

Улсын онцгой комисс, Ус цаг уур орчны шинжилгээний газраас энэ өвлийг урьд жилүүдээс хүйтэн, цас ихтэй хатуу жил болох магадлалтай гэж анхааруулж байгаа. Тиймээс зөвхөн холбогдох байгууллага гэлтгүй иргэд ч гэсэн хувьдаа бэлтгэл сайн хангах хэрэгтэйг хэлж байсан юм. Хамгийн наад зах нь шугам сүлжээний аюулгүй байдлыг  хангах,   орон сууцны айлууд орц хонгил, подволынхоо бүрэн бүтэн байдлыг шалгаж дулаалга хийх, цонх хаалганыхаа сийгүүрийг багасгаж дулаан хадгалах бүх талын арга хэмжээг авч ажиллах хэрэгтэйг санууллаа.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ