ДОРНОД: Хүчтэй салхины улмаас түймрийн тархац тэлж, аюулт үзэгдлийн хэмжээнд хүрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-04-10 13:27:06

Чойбалсан /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Халх гол, Матад суманд асаж байгаа түймэр цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тархац их болж, байгалийн аюултай үзэгдлийн хэмжээнд хүрлээ гэж Онцгой комиссоос мэдээлэв. Хариу арга хэмжээг цаг алдалгүй авч байгаа ч салхины хурд секундэд 12-19 метр хүрч ширүүсэн, чиг нь өөрчлөгдөж байна.

Онцгой байдлын Ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадаас нисдэг тэргээр 30 аврагчийг Халх гол сум руу тээвэрлэж байна. Мөн Хэнтий аймгийн Онцгой байдлын аврах, гал унтраах ангийн алба хаагчид нэмэлтээр ирж ажиллахаар болжээ. Одоогоор түймрийн голомтод Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус аймгийн Эрдэнэцагаан сумын гал унтраах бүлэг, Халх гол сумын Онцгой байдлын ангийн гал унтраах бүлэг, Халхгол, Матад сумын иргэдээс бүрдсэн гал унтраах бүлгүүд, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн ажилтнуудаас бүрдсэн нийт 260 гаруй хүн ажиллаж байна. 

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн Уртын цагаан гэх газар 2023 оны 4 дүгээр сарын 8-ны 11.30 цагийн үед гарсан ой хээрийн түймэр Дорнод аймгийн Матад сумын нутагт орж ирсэн мэдээг тухайн өдрийн шөнийн 00.00 цагт Дорнод аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна. 

Холбоотой мэдээ