Гадаадын иргэн оршин суух зөвшөөрлийн лавлагааг цахимаар авах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2023-04-07 10:08:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХЗДХ-ийн сайдын тушаалаар “Гадаадын иргэн, харьяалалгүй хүнд оршин суух, харьяалалгүй хүнд зорчих үнэмлэх олгох, тэдгээрийг эзэмших, хадгалах, ашиглах журам”-ыг шинэчлэн баталсантай холбогдуулан гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг шинэчиллээ.


Тодруулбал, оршин суух үнэмлэхийг олон улсын жишигт нийцүүлж, аяллын баримт бичгийн бүтэц, стандартыг хангасан NFC технологи, MRZone, QR код, гадаадын иргэнд олгож буй F-register буюу дахин давтагдахгүй 13 оронтой дугаар бүхий оршин суух үнэмлэхийг энэ сарын нэгнээс олгож эхлээд байгаа.


Мөн журмын 1.3-д “Албан болон хувийн хэргээр Монгол Улсад оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэнд “Гадаадын иргэний виз, бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан”-аас оршин суух үнэмлэхийн лавлагаа олгож болно” гэж заасны дагуу https://eimmigration.mn/ хуудаснаас цахим лавлагаа авч, ашиглах боломж бүрдүүлжээ. Дээрх цахим лавлагааг зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суух үнэмлэхийн адил ашиглах бөгөөд улсын хилээр орох, гарах тохиолдолд оршин суух үнэмлэхийг эх хувиар зайлшгүй шаардах юм.

Журмыг шинэчилсэнтэй холбогдуулан энэ сарын 10-ны өдрөөс оршин суух зөвшөөрлийн 7 төрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулж байна. Үүнд оршин суух зөвшөөрлийн хүсэлт гаргах, оршин суух зөвшөөрлийн хэлбэр өөрчлөх, оршин суух зөвшөөрлийн сунгалт хийх, оршин суух зөвшөөрлийн хасалт хийх, паспортын мэдээллийн өөрчлөлтийг бүртгүүлэх, оршин суух хаягийн өөрчлөлтийг бүртгүүлэх, хаясан, гээгдүүлсэн оршин суух үнэмлэхийг дахин авах хүсэлт гарах зэрэг нийт 7 төрлийн үйлчилгээ багтаж байна. Энэ цахим үйлчилгээг Гадаадын иргэн, харьяатын газрын https://immigration.gov.mn/mn/residence-permit/# цахим хуудаст хандаж авах боломжтойг ГИХГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ