“TMK Energy” компани Монголын нүүрсний давхаргын метан хийг олборлохоор бэлтгэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
odondarjaa@montsame.gov.mn
2023-04-09 14:21:49

ПЕРТ. /The Werst Australia/. Австралийн Перт хотод төвтэй газрын тос, хийн хайгуулын “TMK Energy” компани нүүрсний давхаргын метан хий олборлох "Гурвантэс XXXV" (“CGS”) төслийнхөө туршилтын цооног өрөмдөх хөтөлбөрийг Монголд тун удахгүй эхлүүлэх гэж байна.


Монгол орны Өмнийн говийн сав газарт, нийслэл Улаанбаатар хотоос баруун урд зүгт 600 км-ийн зайд орших Гурвантэс нь 1.2 их наяд фут шоо (2С) хийн нөөцтэй буюу тус улсын хамгийн том нөөцтэй орд гэж “TMK Energy” компани үзэж байна.


Уг төслийн цооног өрөмдлөгийн гүйцэтгэгчээр дэлхийд тэргүүлэгч олон улсын өрөмдлөгийн компаниудын нэг болох “Major Drilling” ажиллах бөгөөд тус компани гэрээгээ байгуулж, тоног төхөөрөмжөө талбайд байрлуулж эхэлжээ. Өрөмдлөгийг хоёр долоо хоногийн дотор эхлүүлэх төлөвтэй байна.  


“TMK Energy” нь 40 хүний уурхайн кэмп барих, өрөмдлөгийн талбайг бэлтгэх зэрэг ажлаа эхлүүлээд маш завгүй байна гэж компанийн гүйцэтгэх захирал Брендан Статс ярилаа.


“Бидний эхлүүлээд байгаа энэ ажил маань найман сарын турш үргэлжилнэ. Өнгөрсөн жил бид газрын гүнд байгаа хийн томоохон нөөцийг тодорхойлж чадсан бол туршилтын цооногийн хөтөлбөр нь арилжааны тааламжтай үнээр хийг гадаргуу дээр гаргах боломжтой гэдгийг харуулах зорилготой юм. Бид "Гурвантэс" төслийн нүүрсний давхаргын метан хийн нөөцийг харуулж, хийг газрын гадаргуу дээр анх удаа гаргах, арилжаалах эхний алхмыг хийх гэж байгаа учир туршилтын өрөмдлөг нь төсөл цааш хэрэгжихэд чухал үйл явдал болж байна” гэж тэрбээр хэлэв. 


“TMK Energy”-ийн эн тэргүүний зорилт бол төслийн талбайгаас хий гаргаж авах, улмаар Монголын бусад бүс нутагт, цаашлаад Хятад руу экспортлох явдал юм.


Энэхүү туршилтын өрөмдлөгөөр хоорондоо 200 метрийн зайтай гурван цооногоос бүтээгдэхүүн гаргаж авах юм. Гурван цооногийн өрөмдлөг долоон долоо хоног орчим үргэлжлэх төлөвтэй байна. Өрөмдлөг дууссаны дараа гүний шахуурга суурилуулах, газрын гадаргуу дээрх төхөөрөмжүүдэд холбох ажилд дахин нэг сар орчим хугацаа хэрэгтэй ажээ.


Үүний дараа шахуургыг шалгаж тохиргоо хийх, ус шавхах ажил эхлэх бөгөөд шаргуургыг ажиллуулж эхэлснээс хойш нэгээс хоёр сарын дараа хамгийн эхний ээлжийн хийг гаргаж авна. 


“TMK Energy” компани нь “Tamaska Oil and Gas” нэртэй байхдаа Гурвантэсийн  эзэмшигч “Тэлмэн Energy” компаниас 2021 онд тус орд газрын лицензийг худалдан авчээ.


Монгол Улс нь байгалийн хий олборлодоггүй бөгөөд ОХУ-аас баллонд савласан хий оруулж ирж байгаа юм. Гэхдээ тус улсын агаарын бохирдлыг бууруулахад энэ түлш нь зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Монголын нийслэл Улаанбаатар нь дэлхийн хамгийн бохирдсон агаартай хотуудын нэгд тооцогддог. 


Холбоотой мэдээ