Башар аль-Ассад: Терроризмд хил хязгаар үгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-09-05 16:33:12

ДАМАСК. /Prensa Latina/. Терроризмыг устгахын тулд тэдэнтэй тулалдах зөвхөн бус харин тулгуур үзэл сурталтай нь тэмцэх хэрэгтэй гэж Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассад тус улсад айлчилж буй Их Британийн төлөөлөгчидтэй уулзахдаа хэлжээ.

Британийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Нийтийн танхим /the House of Commons/ болон Лордуудын танхим /the House of Lords/-ын гишүүд, мөн шашны зүтгэлтнүүд болон эрдэмтэд багтсан байна.

Ерөнхийлөгч Ассадын хэлснээр одоогоор дэлхийд тулгараад байгаа хамгийн ноцтой аюул бол бүс нутагт дэлгэрсэн оюун санааны тэрслүү үзэл аж. Ийм сэтгэлгээ нь Европт халдлага үйлдэж буй террористуудын хувьд оюун санааны тулгуур нь юм гэж Ассад хэлжээ.

“Барууны хэвлэл мэдээллийнхний хуурамч мэдээлэл  цацдаг явдлыг өөрчлөхөд Сирид хийсэн гадаадын төлөөлөгчдийн айлчлал их ач холбогдолтой” болохыг тэрбээр мөн онцолсон байна. Их Британийн төлөөлөгчид Сирид айлчилж, тус улсын албан тушаалтнууд болон ард иргэдтэй уулзсан нь Их Британийн Засгийн газрын болон британичуудын Сирийн талаарх ташаа ойлголтуудыг засч, үнэнийг түгээж чадна гэж Ассад хэллээ.

Х. Сарнай

 

Холбоотой мэдээ