Ш.Абэ Бразилын Ерөнхийлөгчтэй уулзахдаа Олимпын талаар ярилцав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-09-05 13:46:28

ХАНЖОУ. /TASS/. Хятадын Ханжоу хотод болж буй “G20”-ийн бүлгийн орнуудын Дээд хэмжээний уулзалтын үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Бразилын Ерөнхийлөгч Мишел Темер нар уулзалт хийсэн тухай Киодо агентлаг мэдээллээ.

Хоёр орны удирдагчид Токио хотод 2020 онд болох Олимпын тоглолтод бэлтгэх асуудлаар ярилцах явцад Шинзо Абэ энэ онд Бразилд болсон Олимпын наадмыг зохион байгуулахын тулд ямар арга хэмжээ авсан талаар Ерөнхийлөгч Темерээс сонирхон лавлажээ.   

Уулзалтын үеэр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг шинэчлэх талаар ярилцсан байна. Учир нь, Япон, Бразил, Герман, Энэтхэг гэсэн дөрвөн улс тус байнгын гишүүн сонгогдохын тулд  ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа юм.  

Сануулан дурдахад, “G20” бол өндөр хөгжилтэй болон хөгжиж буй орнуудын албан бус нэгдэл юм. Энэ бүтцэд Австрали, Аргентин, Бразил, Их Британи, Герман, Энэтхэг, Индонез, Итали, Канад, Хятад, Мексик, Орос, Саудын Арави, АНУ, Турк, Франц, ӨАБНУ, Өмнөд Солонгос болон Япон гэсэн 19 улс болон Европын Холбоо багтдаг. Эдгээр улс орнуудад дэлхийн нийт амын 2/3 нь оршин суудаг ба дэлхийн ДНБ-ний 85 хувийг үйлдвэрлэж, дэлхийн худалдааны 80 хувийг гүйцэтгэж байна.

Х.Сарнай 

Холбоотой мэдээ