ОРХОН: Э.Эрдэнэбат: Бүх нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх нь чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-03-31 17:08:40
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр/МОНЦАМЭ/. Баян-Өндөр сумын ИТХ “Суралцагч хот” хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Хөтөлбөрийн талаар сумын ИТХ-ын дарга Э.Эрдэнэбаттай ярилцлаа.


-“Суралцагч хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон шалтгаан юу вэ?

-Хүүхдүүдийн багагүй хувь нь амны хөндийн өвчлөлтэй, дэлгэцийн хамааралтай, хорт зуршилтай, эрүүл бус, осол гэмтэлд өртөх эрсдэл өндөр, амьдралын буруу дадал хэвшилтэй байгаа нь тусгайлан хөтөлбөр хэрэгжүүлэх үндсэн шалтгаан болсон. Баян-Өндөр сумын ИТХ-аас Шүдний холбоо болон БОЭТ-ийн дурангийн эмч Г.Шагдарсүрэнтэй хамтран ерөнхий боловсролын сургуулийн 1000 орчим хүүхдийн дунд биеийн ерөнхий өсөлт, хөгжил, амны хөндийн эрүүл мэндийн үзлэг хийсэн.

Үзлэгт хамрагдсан сурагчдын 90 орчим хувь нь амны хөндийн өвчлөлтэй байсан бөгөөд нүдний хараа, биеийн ерөнхий өсөлт муу байсан. Үүнд нөлөөлсөн гол шалтгаан нь амьдралын буруу хэвшил, дадал зуршилтай холбоотой юм.

Мөн Цагдаагийн байгууллагатай хамтран хүүхэд гэмт хэргийн хохирогч эсвэл холбогдогч болох эрсдэлийн талаар ахлах ангийн сурагчидтай уулзсан. Тэр үед олон нийтийг хамарсан зөв дадалд уриалан дуудсан хөтөлбөр хэрэгжүүлэхгүй бол болохгүй санагдсан. Иймд “Суралцагч хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж, аймгийн БШУГ, ЭМГ, Цагдаагийн газар, БОЭТ, Улаан загалмайн хороо, Насан туршийн боловсролын төв, Баян-Өндөр сум ЗДТГ-тай хамтран ажиллаж эхэлсэн. Хөтөлбөр 2023-2025 он хүртэл  хэрэгжинэ. “Суралцагч хот” хөтөлбөрийн хамрах хүрээ өргөн байж, алсдаа гарах үр дүн өндөр байх нь бидний зорилго юм.


-Хөтөлбөрт бүх нийтийг хэрхэн хамруулах, тэдэнд зөв дадал хэвшүүлэхийн тулд ямар ажил хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа вэ?

-Хөтөлбөрөөр дамжуулан нийгмийг эрүүлжүүлэх, хүн бүрд эрүүл, зөв дадал хэвшүүлэх зорилго тавьсан. Аюулгүй, эрүүл нийгмийг цогцлооход иргэдийн оролцоо шаардлагатай учраас хувь хүн өөртөө зөв дадлыг бий болгож чадвал нийгэмд том хөрөнгө оруулалт хийж чадаж байна гэж ойлгох хэрэгтэй.  Амьдралын зөв дадал хэвшилтэй түүндээ тууштай байж чаддаг хүнд амжилт ойрхон байдаг.

Эхний ээлжинд бид сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдыг хөтөлбөртөө хамруулахаар төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Хүүхдийн суурь хүмүүжил, амьдралын дадал хэвшлийн ихэнх нь бага насанд төлөвшдөг. Тиймээс хүүхдүүдээр дамжуулж өрх гэрт эрүүл, зөв амьдралын хэв маягийг хэвшүүлэх эцсийн зорилго байна. Сурагчдад зориулсан сургалтын хөтөлбөрт ашиглах сургалтын видео контент үйлдвэрлэлийн ажилдаа ороод явж байна.


-Хүн бүр амьдралын зөв дадлыг хэвшүүлснээр “Эрүүл” иргэнтэй хот болох зорилт дэвшүүлсэн гэж ойлголоо. Тэгвэл бид өдөр тутамдаа зөв дадал хэвшилтэй болохын тулд юунаас эхлэх шаардлагатай вэ?

-Амьдралын зөв дадалтай хүн эцсийн дүндээ эрүүл байна. Дадал гэдэг зүйл зөвхөн өнөөдөр хийгээд орхичихдог зүйл биш амьдралынхаа туршид хэвшсэн эрүүл зуршил байх ёстой. Тиймээс өдөр бүр өглөө босоод орой унтах хүртлээ эрүүл, зөв дадалтай байцгаая л гэсэн санаа. Эрт амарч, эрт босох, шүдээ угаах, хоол хүнсээ сонгох, хооллох, зам хөндлөн гарах, суралцах, дасгал хөдөлгөөн хийх, хорт зуршлаас ангид байх зэрэг бүх зүйлд ач холбогдол өгч алхам тутамдаа зөв дадалтай байхыг хэлж байгаа юм. Ингэснээр БОЭТ-д ханддаг өвчтөний тоо цөөрч, Цагдаагийн газарт бүртгэгддэг осол гэмтлийн тоо буурах, эрүүл аюулгүй орчин бий болох гээд олон эерэг өөрчлөлт гарна. Иргэд эмийн сан, эмнэлэгт мөнгөө үрэх шаардлагагүй болж нийгмээрээ эрүүлжих боломжтой.

Ийм үр дүнд хүрэхийн тулд хувь иргэний оролцоо хамгаас чухал. Бид сургууль, цэцэрлэгийн сурагчдад мэргэжлийн хүмүүстэй хамтран сургалт явуулж, нөлөөллийн аян өрнүүлэх зэрэг үе шаттай олон арга хэмжээ хэрэгжүүлнэ.


-Хөтөлбөрийн үр дүн өнөө, маргаашдаа шууд гарахгүй. Та алсдаа гарах үр дүн асар их гэж тодотгосон. Эцсийн үр дүнд юугаар үнэлэх вэ?

-Бидний эхлүүлж буй хөтөлбөр нийт хүн амын хэдэн хувьд ч хүрч магадгүй. Яагаад гэвэл иргэн бүрийн оролцооноос шууд хамааралтай. Энэ хөтөлбөрийн үр дүн өргөс авсан юм шиг маргааш гарна гэж байхгүй. Магадгүй 5-10 жилийн дараагаар хүүхдүүдийн эрүүл мэнд сайжирч өвчлөл буурах, гэмт хэрэг зөрчлийн тоо багасах зэрэг эерэг үзүүлэлт гарч хөтөлбөр үр дүнгээ өгнө. Хамгийн гол нь иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг төр бодлогоор зохицуулж иргэн бүр өөрийнхөө болон гэр бүлийнхээ төлөө хичээх ёстой. Өнөөдөр шүдээ буруу угааснаас болоод амны хөндийн эрүүл мэнд алдагдаж өвчлөлд өртөж байгаа хүүхдүүд олон. Үүний бурууг бид зөвхөн чихэрт “үүрүүлээд” өнгөрч болохгүй. Эхлээд шүдээ дарааллын дагуу угааж, арчлах дадалд сургах нь чухал. Ингэснээр та эмнэлэгт дугаарлах цагаа өөр зүйлд зарцуулах, эмнэлэг, эмийн санд өгч байгаа мөнгөө хүүхдийнхээ боловсролд зориулах боломж бүрдэнэ. Энэ бол хөтөлбөрт тусгагдсан хамгийн энгийн ганцхан жишээ.


-Хүүхдүүдэд зөв дадал эзэмшүүлэхээс гадна насанд хүрэгчдэд мэдээлэл өгөх нь үр дүнтэй юм. Эцэг, эх нь амьдралын хэв маяг зөв дадал хэвшилгүй бол хүүхэд дагаад буруу хэвшилтэй болох магадлал их.

-2024 оноос эхлэн насанд хүрэгчдэд зориулсан ажлаа эхлүүлнэ. Аж ахуйн нэгжүүд, төрийн байгууллагуудтай хамтраад сургалт мэдээлэл явуулна.  Хөтөлбөрт ч энэ талын ажил тусгагдаад явж байгаа. 

-Ярилцсанд баярлалаа.

 

Холбоотой мэдээ