БАЯНХОНГОР: Илчлэгийн илүүдлээс шалтгаалсан таргалалт, аминдэм, эрдсийн дутагдал үүсэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-03-31 13:50:38

Баянхонгор /МОНЦАМЭ/. Цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулиудын эмч, тогооч нарыг чадавхжуулах сургалтыг энэ сарын 30-нд Баянхонгор хотноо зохион байгууллаа.


Сургалтаар “Халдвар болон халдварт бус өвчин”, “Бага насны хүүхдийн суурь өвчлөл, сэргийлж болох эндэгдэл, түүнээс сэргийлэх”, “Таргалалт ба илчлэг тооцох аргачлал”, “Дасгал хөдөлгөөн түүний ач холбогдол”, “Хүүхдийн хоол шим тэжээлийн онцлог, хоол тэжээлээс хамааралт эмгэг”, “Хяналт шалгалтаар илэрдэг нийтлэг зөрчил, цаашид авах арга хэмжээ, хууль тогтоомжийн хэрэгжилт”, "Хүүхдийн хоолны технологийн карт боловсруулах арга, ажиллагаа” зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг, мэдээлэл олгожээ.


Баянхонгор сумын “Цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний өнөөгийн байдал, суралцагчдын бие бялдрын өсөлт хөгжилтөд үнэлгээ өгөх” судалгааг 2022 оны 12 дугаар сард хийсэн байдаг. Тус  судалгаагаар хүүхдийн хоолны илчлэг, шимт бодисын тооцоолол бодит бус, түүхий эдийн зарцуулалтаас үндэслэн тооцоход Үдийн хоолоос авч буй нийт илчлэгийн 72-75 хувийг энгийн нүүрс ус хангаж байгаа төдийгүй хоолны чанарын үзүүлэлт 54 хувь гэх дүгнэлт гарсан байна.


Тиймээс боловсролын байгууллагын эмч, хоол үйлдвэрлэлийн ажилтнуудын мэдлэгийг дээшлүүлэх, цэцэрлэг болон ЕБС-ийн хоол, шим тэжээлийн байдлыг сайжруулах, сурагчдын биеийн жингийн индекс /БЖИ/, цэцэрлэгийн хүүхдийн биеийн өсөлт хөгжилтийг үнэлэх, хоол тэжээлээс хамааралт эмгэг үүсэх эрсдэлийг тодорхойлж, илүүдэл жин, таргалалтын тархалтыг тодорхойлох, салбар дундын  уялдаа холбоог сайжруулах зорилгоор тус сургалтыг зохион байгуулжээ.

  

Илүүдэл жин, таргалалттай хүүхэд насанд хүрэх үед зүрх судасны өвчин, багтраа, II хэв шинжийн чихрийн шижин өвчин зэрэг архаг өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр байдаг байна. Мөн хүүхэд, өcвөр насныханд өөхөн эс, эд насанд хүрэгчдээс илүү хурдан нэмэгддэг аж.


“Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн үндэсний V судалгаа”-ны дүнгээр 6-11 насны хөдөө орон нутгийн хүүхдийн дунд илүүдэл жин, таргалалтын тархалт 17.6 хувь, хот суурин газар 23.9 хувь, өсөлт хоцролтын тархалт 7.3 хувь байна. Тав  хүртэлх насны хүүхдийн дунд төмөр дутлын цус багадалт 20.7 хувь, А аминдэмийн дутал 69.6 хувь, Д аминдэмийн дутал 90 хувь байгаа гэх судалгаа ч бий.


Өөрөөр хэлбэл илчлэгийн илүүдэл хэрэглээнээс шалтгаалсан таргалалт, аминдэм, эрдсийн дутлаас шалтгаалсан далд өлсгөлөнд орж байгаа нь хоол тэжээлийн тулгамдсан асуудал болж байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Холбоотой мэдээ