ДАРХАН-УУЛ: Эрүүл мэндийн салбарт 1635 хүн ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-03-30 20:06:45

Дархан /МОНЦАМЭ/. Хүн амын эрүүл мэндийн энхийн манаанд ажиллаж буй эмч нарыг алдаршуулах дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Анх АНУ-д 1933 оны гуравдугаар сарын 30-нд тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Харин 1990 оны гуравдугаар сарын 30-наас албан ёсоор “Үндэсний эмч нарын өдөр” болгон эмч нартаа баярлаж талархсанаа илэрхийлэн таниулж сурталчилдаг Олон улсын өдөр болж өргөжсөн аж. Тэд тэмдэглэлт өдрөө ч гэсэн цаг наргүй ажилласан хэвээр. Дархан-Уул аймгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарт ажиллаж эмч, эмнэлгийн ажилтан, тусламж үйлчилгээ үзүүлж буй мэргэжилтнүүдийн тоон мэдээллийг хүргэе.


Эрүүл мэндийн салбарт төрийн болон хувийн хэвшлийн нийт 1635 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Үүнээс 347 эмч буюу 19.8%, 829 сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн 33.7%, эмч зүйч 84 буюу 5.2%, бусад ажилтан 459 буюу 28 хувийг эзэлж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай, цаг алдалгүй ажиллаж байна.




10.000 хүн амд ноогдох эмнэлгийн мэргэжилтэн 152 буюу нэг их эмчид ногдох үйлчлүүлэгчийн тоо 327 байгаа ажээ. Дархан-Уул Аймгийн Эрүүл Мэндийн салбарын хүний нөөц ЭМГ-т 70 буюу 5.1%, Нэгдсэн эмнэлэг 535 буюу 32.7%, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад 467 буюу 28.5%, өрхийн эрүүл мэндийн төв 144 буюу 8.8%, сумдын эрүүл мэндийн төвд 88 буюу 5.3% , эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагад 256 буюу 15.6%, боловсролын байгууллагад ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтэн 82 буюу 5 хувь нь ажиллаж байна.



Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар нь Удирдлага төлөвлөлтийн хэлтэс, Санхүү аж ахуйн хэлтэс, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэлтэс, Хяналт шалгалтын хэлтэс, Хяналт шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтэс, Нийгмийн эрүүл мэндийн төв гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд харьяа, өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагуудыг бодлого, арга зүй, удирдлага зохион байгуулалтаар хангаж, эрүүл мэндийн асуудлаар гарсан бодлогын баримт бичиг тушаал шийдвэрийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.




Дархан-Уул аймагт жилд дунджаар 2000 гаруй хүүхэд шинээр мэндэлдэг бөгөөд 2500 гаруй өвчтөнүүдэд хагалгаа хийгдэж, 18.000 гаруй иргэдэд яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлдэг аж. Мөн амбулаторийн тусламж үйлчилгээг 650.000 гаруй иргэдэд, хэвтэн эмчлэх, тусламж үйлчилгээг 30.000 гаруй иргэдэд үзүүлж байна.


Нэгдсэн эмнэлэг нь удирдлага, манлайллыг дээшлүүлж хүний нөөцийн ур чадварыг сайжруулан, тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг ханган, жил бүр шинэ техник технологи нэвтрүүлэн ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахаар 36 нарийн мэргэжлийн кабинет, тусламж үйлчилгээ үзүүлэх 20 тасагтайгаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Нэгдсэн эмнэлэгт нийт 535 эмч, сувилагч эмнэлгийн тусгай мэргэжилтэн, бусад ажилтнуудтайгаар үйл ажиллагаагаа явуулан ажиллаж байна.



Аймгийн Нэгдсэн эмнэлэгт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ЭМЯ-аас оношилгоо, эмчилгээний чадавхыг сайжруулах зорилгоор 64 зүслэгтэй орчин үеийн стандартыг хангасан Компьютер томографын аппаратыг тодосгогчтой болон тодосгогчгүй зураг авах автомат төхөөрөмжийн хамт хүлээлгэн өгснөөр 346 иргэнд ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр өндөр өртөгтэй оношилгоог хийсэн ажээ.




Нэгдсэн эмнэлэгт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ЭМЯ-аас оношилгоо, эмчилгээний чадавхыг сайжруулах зорилгоор 64 зүслэгтэй орчин үеийн стандартыг хангасан Компьютер томографын аппаратыг тодосгогчтой болон тодосгогчгүй зураг авах автомат төхөөрөмжийн хамт хүлээлгэн өгснөөр 346 иргэнд ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр өндөр өртөгтэй оношилгоог хийсэн ажээ.

Мөн аймгийн эрүүл мэндийн байгууллагууд нь дуран, бүх төрлийн эхо оношилгоо, хоол боловсруулах замын оношилгоо, эмчилгээ, 24 цагийн зүрхний цахилгаан бичлэг, тархины судасны доплер, сонсголын бичлэг, ургийн төрөлхийн гажгийг эрт илрүүлэх оношилгооны чадамжуудтайгаас гадна үе бүтээх мэс засал, хэвлийн хөндийн дурангийн мэс засал, бөөр, давсгийн дурангийн мэс засал зэрэг олон төрлийн мэс заслуудыг орон нутагтаа амжилттай хийж хэвшжээ.



Аймгийн хэмжээнд тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн эрүүл мэндийн 80 байгууллага, 467 хүний нөөцтэйгөөр ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Хэвтэн эмчлүүлэх ортой 12 клиник эмнэлэг нь Дотор, мэдрэл, зүрх судас, уламжлалт, сэргээн засах, дүрс оношилгоо,эмэгтэйчүүд, мэс засал, гэмтэл, мэдээгүйжүүлэг, хүүхэд, лаборатори, арьс харшлын чиглэлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэн хэвтэн эмчлүүлэх, амбулаторийн болон өдрийн эмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.



Оргүй клиник эмнэлгүүдийг тусламж үйлчилгээний чиглэлээр нь ангилж үзвэл эмэгтэйчүүдийн 8, шүдний 15, уламжлалт эмчилгээний 6, хүүхдийн 5, дотрын 4 бусад 15 чиглэлээр үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна. Дархан-Уул аймагт таван өрхийн эрүүл мэндийн төв 87.488 хүн амд анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, өдрийн эмчилгээг үзүүлж байна.



Харин гурван сумын эрүүл мэндийн төв нь 17.481 хүн амд анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хэвтэн эмчлүүлэх болон өдрийн эмчилгээг үзүүлэн ажилладаг аж. 2020 онд Орхон суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 184м2 бүхий сумын эрүүл мэндийн төвийн өргөтгөл, 2021 онд Хонгор сумын эрүүл мэндийн төвийн өргөтгөлийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 486 сая төгрөгөөр барьж гүйцэтгэн хүлээлгэн өгчээ. Мөн гурван сумын эрүүл мэндийн төвд Шүдний тусламж үйлчилгээ үзүүлж, хоёрдугаар шатлалын эмнэлэг рүү ирэх урсгалыг багасгаж, ажиллаж байна.





Дархан-Уул аймагт 67 эмийн сан, 7 эм ханган нийлүүлэх байгууллага ажиллаж байна.Үүнээс нэгдүгээр зэрэглэлийн эмийн сан 6, хоёрдугаар зэрэглэлийн 61 эмийн сан иргэдийнхээ эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн тусламж үйлчилгээг цагийн хуваарийн дагуу болон 24 цагийн турш үзүүлж байна.


Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Дархан-Уул аймагт дахь салбар сургууль үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд тус сургууль нь Эх баригч сувилагч, Сувилахуйн арга зүйч, Эм найруулагч, Уламжлалт анагаах ухааны сувилахуйн арга зүйч Лабораторийн техникч зэрэг 24 мэргэжлээр эмч, сувилагч болон эмнэлгийн тусгай мэргэжилтэн бэлтгэн ажиллаж байна. Нийт 103 багш, ажилтан, ажиллагсадтай, 1000 гаруй оюутантай сургалтын үйл ажиллагаа явуулж байна.


Холбоотой мэдээ