ӨМНӨГОВЬ: Олон улсын жишиг номын сангийн менежментийн программыг хөрвүүлэн ашиглана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-03-28 15:54:21

Даланзадгад /МОНЦАМЭ/  Даланзадгад суманд “Хил хязгааргүй номын сан” төслийн сургалт өнөөдөр болж байна.

Энэхүү төсөл нь Монгол Улс, Австралийн Холбооны Улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд 2022-2023 оны хооронд хэрэгжиж буй оюунлаг үйл ажиллагаа билээ. 

“Хил хязгааргүй номын сан” төсөл нь Австралийн Элчин сайдын яамны санхүүжилтээр 21 аймгийн нийтийн номын сангуудад хэрэгжих юм.


Тус төслийн хүрээнд номын сангийн фондыг үндэсний болон дэлхийн сонгодог уран зохиол, шинжлэх ухаан, танин мэдэхүй, боловсрол мэдээллийн шилдэг бүтээлүүдээр баяжуулах бөгөөд мэргэжилтнүүд аймаг, орон нутагт ажиллаж, номын сангийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан номын санчдыг чадавхжуулах сургалтыг үе шаттай зохион байгуулна. Мөн технологийн дэвшлийг ашиглан олон улсын жишиг номын сангийн менежментийн программыг монгол хэлээр хөрвүүлэн номын сангууд нээлттэй ашиглах зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллах боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлогтой.   


Өмнөговь аймгийн төв номын сангийн дарга  А.Одончимэг

Австралийн ЭСЯ, Монголын үндэсний номын сан, Номын сангуудын холбоо хамтран “Хил хязгааргүй номын сан” төслийг хэрэгжүүлж байна. Энэ төсөл нь Австралийн номын сангуудын туршлагыг Монгол Улсад нутагшуулах мөн Монголын номын сангийн тэргүүн туршлагуудыг харилцан түгээн дэлгэрүүлэх, номын сангуудын сан хөмрөгийг баяжуулах зэрэг  зорилготой.  Манай номын санчид байнга хөгжиж шинэчлэгдэж ялангуяа мэргэжлийн болоод техник, харилцааны олон чадварыг эзэмших шаардлага байна. Өмнөговь аймагт удахгүй шинэ номын сангийн барилга барьж ашиглалтад оруулна. Үүнтэй холбоотойгоор номын санчдаа чадавхжуулах зайлшгүй шаардлага гарч байна. Энэхүү хэрэгцээ шаардлагад тулгуурлан биднийг хөгжих боломжийг хангаж байгаа төслийн хамт олонд талархаж байна.


“Хил хязгааргүй номын сан” хөтөлбөрийн ажилтан Х.Өрнөх

Монголын 21 аймагт хэрэгжиж байгаа энэхүү төслийн сургалтын үйл ажиллагааг өнөөдөр Өмнөговь аймагт зохион байгуулж байна.

Сургалтад Өмнөговь аймгийн төв номын сан болон сумдын номын санчид оролцож байгаа.  Сургалтын гол ач холбогдол гэвэл нийтийн номын сангийн чадавхыг бэхжүүлэх, ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх, Австрали улсын иргэний номын сангийн туршлагыг хуваалцах, хүүхдийн номын сангийн фондыг баяжуулж, номын сан болон номын санчдыг нэгдсэн системд холбож мэдээллийн эх суурь баазыг бий болгох юм. 

Холбоотой мэдээ