БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа
Элчин сайдын яаманд одоогийн тус элчин сайдын яамны байр байрлах газрын 80
жилийн хугацаатай эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг гардуулсан юм.
Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар “Чингэлтэй дүүргийн Энхтайваны
өргөн чөлөө хаягт одоогийн элчин сайдын яамны байр байрлах 4,092 ам метр газрыг
БНТУ-аас Монгол Улсад суугаа
Элчин сайдын яаманд 80 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг гардуулж
байна. Манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь
нэмэр оруулж буйд талархаж байна” хэмээв.
БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин
сайд Зафер Атеш цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л
талаар дэмжиж, хамтран
ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ.
Ташрамд, Улаанбаатар хот нь БНТУ-ын Анкара болон Газиентип
хоттой Ах дүү, Истанбул хоттой найрамдалт харилцаатай билээ.