Дэлхийн баячуудын хөрөнгийн хэмжээ 40 их наяд доллароор өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-07-25 10:21:33

ПАРИС, 2024 оны долоодугаар сарын 25 /AFP/. Дэлхийн хүн амын нэг хувийг бүрдүүлж буй хамгийн баян чинээлэг хүмүүсийн хөрөнгийн хэмжээ сүүлийн 10 жилийн хугацаанд 42 их наяд ам.доллароор нэмэгдсэн гэж Оксфам” байгууллага пүрэв гарагт мэдээллээ. Бразилд болох “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтаар хэт баян хүмүүст татвар ногдуулах тухай асуудлыг хэлэлцэх гэж буй үед энэхүү тооцоог танилцуулжээ. 


Хэдийгээр хөрөнгө мөнгө нь үлэмж хэмжээгээр нэмэгдсэн боловч баячуудад ногдуулах татвар түүхэн доод хэмжээнд хүртлээ буурсныг төрийн бус байгууллага дурдсан байна. Бразил улс дэлхийн ДНБ-ий 80 хувийг бүрдүүлдэг “Хорийн бүлэг”-ийг даргалах хугацаандаа хэт баян хүмүүст татвар ногдуулах асуудлаарх олон улсын зөвшилцлийг тэргүүлэх чиглэлээ болгоод байгаа юм.


Энэ долоо хоногт Рио-де-Жанейро хотноо эхлэх дээд хэмжээний уулзалтаар тус бүлгийн Сангийн сайд нар хэт баян хүмүүст ногдуулах татварыг нэмэгдүүлэх, тэрбумтнууд татвараас бултахаас сэргийлэх арга замуудыг хэлэлцэнэ. Үүнд тэрбумтнууд болон өндөр орлоготой хүмүүст татвар ногдуулах аргачлалыг тодорхойлох явдал мөн багтаж байна. Эдгээр саналыг пүрэв, баасан гарагт болох дээд хэмжээний уулзалтын үеэр нухацтай хэлэлцэх төлөвтэй байгаа бөгөөд Франц, Испани, Өмнөд Африк, Колумби, Африкийн Холбоо дэмжиж байгаа бол АНУ эрс эсэргүүцэж байна.


Оксфам үүнийг “Хорийн бүлэг”-ийн засгийн газруудадад тулгарч буй “жинхэнэ лакмусын сорилгэж тодорхойлоод, хэт баян хүмүүсийн хэт их хэмжээний хөрөнгө”-д жилд найман хувийн татвар ногдуулахыг уриалжээ. Тус байгууллагын мэдээлснээр, 42 их наяд доллар нь дэлхийн хүн амын ядуу тэн хагасын хуримтлуулсан баялгаас бараг 36 дахин их байгаа бол тэрбумтнууд “хөрөнгийнхөө 0.5-аас бага хувьтай тэнцэх хэмжээний татвар төлж байна”. Түүнчлэн дэлхий даяарх таван тэрбумтан тутмын дөрөв нь “Хорийн бүлэг”-ийн улсуудын харьяатууд гэдгийг “Оксфам онцлон тэмдэглэжээ.

 


Холбоотой мэдээ