ЗАВХАН: Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн 40.63 га талбайг нөхөн сэргээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-03-27 15:14:41

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймгийн хэмжээнд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй гурван аж ахуйн нэгж 26.83 га-д техникийн нөхөн сэргээлтийг хийжээ.

Аймгийн хэмжээнд, 2022 онд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй гурван аж ахуйн нэгж техникийн нөхөн сэргээлтийг 26.83 га-д, биологийн нөхөн сэргээлтийг 13.8 га-д хийсэн. Нийт 40.63 га талбайг нөхөн сэргээхэд, 174 сая 240 мянган төгрөгийг зарцуулсан байна.


Уул уурхайн нөхөн сэргээлт гэдэг нь уурхайн олборлолтоос үүдэж эвдрэлд орсон газар болон байгалийн онцлог, газар зүйн байршлаас шалтгаалан үржил шимт өнгөн хөрс муутай газрыг нөхөн сэргээж үржил шимтэй болгож байгалийг унаган төрхөнд нь оруулах цогц ажил юм. Нөхөн сэргээлтийг техникийн болон биологийн гэж хоёр үе шаттай хийдэг.


Завхан аймагт MV-013409 ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж буй компани биологийн нөхөн сэргээлтийг 10 га, техникийн нөхөн сэргээлтийг 16,71 га-д хийжээ. Харин MV-017666 ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй компани техникийн нөхөн сэргээлтийг 0,5 га-д, MV-021001 ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй компани биологийн нөхөн сэргээлтийг 1,2 га-д хийжээ. Мөн MV-021183 ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй компани биологийн нөхөн сэргээлтийг 2,57 га-д, техникийн нөхөн сэргээлтийг 6,66 га талбайд тус тус нөхөн сэргээлтийн ажлыг хийж, актаар хүлээн аваад байна.



Харин, Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт нөхөн сэргээлгүй орхигдсон замын карьерийн 3.2 га талбайн нөхөн сэргээлтийн ажлыг “Шувуун хар уул” ХХК, “Баян айраг эксплорэйшн” ХХК-ууд нийт 28 сая 800 мянган төгрөгийн өртгөөр хийгээд байна. 

 

Уул уурхайн компаниуд нь байгаль орчныг нөхөн сэргээхдээ дотоод овоолгын дүүргэлтийн системийг үйл ажиллагаандаа түлхүү ашиглаж аль болох газрын гадаргуутай тэгш хэмтэй болгох. Уурхайн ашиглалт явахаас өмнө ургамлын нөмрөг бүрхэвч болох шимт хөрсийг хуулж тусад нь овоолгоор хадгалж нөхөн сэргээлтийн хамгийн эхний үе шатны ажлыг хийж байна.


Түүнчлэн тухайн газрын хөрсний үржил шимийн үзүүлэлтийг тодорхойлж, хөрсний шинжилгээг тогтмол хийж байна. Үүний дараа тухайн газар нутгийн ургамлын төрөл зүйлийг судалж, ургамлын бүрхэвчийг сайжруулах, бордох, шинээр ногоон ургамлыг тарьж нутагшуулах. Мод тарьж ургуулах үйл ажиллагааг хийж байна.

Тухайлбал, Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч дөрвөн аж ахуйн нэгж 8 га талбайд 14000 мод бут тарьж, хайс хамгаалалт, дотор тохижилтын ажлыг хийж гүйцэтгэжээ.


Завхан аймгийн 12 суманд уул уурхайн 51 тусгай зөвшөөрөл байна. Тухайлбал, хайгуулын 39, ашиглалтын 12 тусгай зөвшөөрөл байна. Үүнээс өнөөдрийн байдлаар Баян айраг эксплорэйшн, Шувуун хар уул ХХК-иуд нь алтны үндсэн орд, Түүчээ тэрэг ХХК нь алтны шороон ордын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаагаа явуулж байна.


Эдгээр компаниуд нь үйл ажиллагаа явуулж байгаа тухайн харьяа сумын Засаг даргатай хамтын ажиллагааны гэрээг байгуулан ажиллаж байна.

Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 1 дугаар сарын 19-ний өдрийн А/16 тоот захирамжаар “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн  арга хэмжээг зохион байгуулах дэд ажлын хэсгийг байгуулсан. Дээрх арга хэмжээний хүрээнд нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг 12 заалтаар батлан ажиллаж байна.


Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй таван аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд явцын хяналт шалгаттыг нэг удаа, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хоёр удаа хийсэн. Тухайлбал, Ургамал, Дөрвөлжин, Завханмандал суманд ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний явцын хяналтыг хийж байна. Шалгалтад нийт дөрвөн аж ахуйн нэгж хамрагдаж, тухай онд хийгдсэн ажилтай газар дээр нь танилцаж заавар зөвлөмж өгч ажиллалаа гэж Завхан аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.


Завхан аймаг нь байгалийн унаган төрх, экосистемийг хэвээр үлдээх бодлого баримталж, 2020 оноос тусгай зөвшөөрөл олгохгүй байх бодлого барьж ажиллаж байна. Мөн орон нутагт уул уурхайн асуудал хариуцсан нэгж байгуулах.

Ашиглалт, хайгуулын тусгай зөвшөөрөл авсан ч орон нутагт ирж үйл ажиллагаа явуулахгүй байгаа аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг судлан шийдвэрлэх ажлуудыг хийж байгаа гэж аймгийн ЗДТГ-аас нэмж дуулгав.


 

Холбоотой мэдээ