Зорчигчид эрүүл мэндийн мэдүүлгийг заавал бөглөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-03-27 13:39:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын шийдвэр, Олон улсын эрүүл мэндийн дүрэмд заасны дагуу зорчигчийн эрүүл мэндийн мэдүүлэг хуудсыг цахим болгоод байна.


Ингэснээр хилийн нэвтрэх хугацааг богиносгох, хурдан шуурхай үйлчлэх боломжийг нэмж байгаа юм. Одоогоор ихэнх боомтод энэ аппликейшнийг туршилтаар хэрэглэж, программыг илүү хөгжүүлэх, боловсронгуй болгохыг зорьж байна. Мэдүүлэгт зорчигчийн ерөнхий мэдээлэл, халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн эсэх, халууны хэмжилт, ковидын вакцинд хамрагдсан байдал, вакцины төрөл, баталгаажуулах хэсгийг бөглөж баталгаажуулдаг.


Мэдүүлгийн зорилго нь аливаа халдварт өвчин авсан эсэхийг эрт илрүүлж, шуурхай хариу арга хэмжээ авах юм. Хил дээр ажиллаж буй эрүүл ахуй, халдвар хамгаалал хариуцсан гаалийн улсын байцаагч нар иргэд, зорчигчдод тухайн аппликейшнийг хэрхэн татах, бөглөх, QR код үүсгэх тухай мэдээлэл, зөвлөмж өгч байгаа. Замын-Үүд боомтоор гарч орж буй зорчигчид цахимаар бөглөөд хэвшиж байгааг ГЕГ-ын Хорио цээрийн хяналтын гаалийн улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар хэллээ.


Өндөр настан, хүүхэд, хараа, сонсголын бэрхшээлтэй иргэд цаасан хэлбэрээр эрүүл мэндийн хуудас бөглөж болно. Хилийн эрүүл ахуй, халдвар хамгааллын байцаагч тухайн цаасан хэлбэрээр бөглөсөн хуудсан дахь мэдээллийг аппликейшн рүү нөхөн оруулдаг байна. Тус аппликейшнд гар утасны дугаараараа бүртгүүлэх бөгөөд Монгол, Англи, Хятад, Орос, Япон хэлээр сонгон татах боломжтой. Түүнчлэн Зөрчлийн тухай хуулиар зорчигчийн "Эрүүл мэндийн мэдүүлэг" хуудсыг хилээр нэвтрэх зорчигч бүр заавал, үнэн зөв бөглөх үүрэгтэй юм

Холбоотой мэдээ