ДАРХАН-УУЛ: Цаг уурчийн мэргэжлээр суралцагсдын тоо эрс цөөрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-03-23 18:51:01

Дархан /МОНЦАМЭ/. Өнөөдөр дэлхийн цаг уурын өдөр тохиож байна. Энэ жил “Хойч үедээ үлдээх ирээдүйн цаг агаар, уур амьсгал, ус” уриан дор тэмдэглэж байна.

Дархан-Уул аймгийн УЦУОШТ-ийн хамт олон энэ жил нийт ажилтнуудаа чадавхжуулах, мэргэжлийн түвшний сургалт, судалгаанд хамрууллаа.  Мөн ирэх онд тус төвийн 40 жилийн ой тохионо. Ойн хүрээнд хийх бэлтгэл, цаг уурын өдрөөр дамжуулан байгууллагын үйл ажиллагаа, үндсэн чиглэл сурталчлах зэрэг олон ажлыг төлөвлөжээ.




УЦУОШТ нь 41 ажилтан, албан хаагчтай бөгөөд цаг уур, уур амьсгалын мэдээ, мэдээллийг гаргаж нийгмийн хэрэгцээг хангах үндсэн үйл ажиллагаагаа өдөр тутам явуулж байна. Тодруулбал, цаг уурч, ус судлаач, синаптик инженер, газар тариалангийн бүс нутгийн хөдөө аж ахуйн цаг уурын инженер, техникчид, орчны хяналт шинжилгээний ажил эрхэлдэг байгаль орчны шинжилгээний лабораторийн инженер, техникч гэсэн мэргэжлийн албан хаагчид ажилладаг аж.

Шинжилгээний ажлыг тасралтгүй ханган ажил үүргийнхээ дагуу ажиллаж байгаа хэдий ч боловсон хүчний дутагдалд орох магадлалтай салбарын тоонд оржээ. Учир нь сүүлийн жилүүдэд цаг уурын мэргэжилтний боловсон хүчний асуудал хөндөгдөж эхэлсэн байна. Их, дээд сургуульд цаг уурын мэргэжлээр суралцах залуусын тоо цөөрсөн, зарим тохиолдолд төгсөгчид өөр салбарт ажиллах болсон аж. Тиймээс аймгийн УЦУОШТ нь Дархан-Уул аймаг дахь ХААИС-ийн Агроэкологи бизнесийн сургуультай хамтран ажиллах хүрээнд ирээдүйн цаг уурчдыг бэлтгэх, элсэлтэд анхаарч тухайн мэргэжлийг сурталчлах, таниулах ажлыг хийхээр төлөвлөжээ.



Тус сургуульд 2019 оноос өмнө цаг уурчийн мэргэжлийн техникч, бакалавр, магистрын зэргээр жилд 45-70 оюутан төгсдөг байсан аж. Харин сүүлийн гурван жилд эрс цөөрчээ. Энэ нь цар тахлын хязгаарлалт, цахим хичээл, ЕБС-ийн төгсөгчдийн тооноос хамаарч цөөрсөн гэж тус сургуулийн цаг уурын мэргэжлийн багш нар хэлж байна.

Тухайлбал 2020, 2021 онд 25-30 оюутан төгссөн бол энэ жил 20 орчим оюутан төгсөх ажээ. Харин тухайн сургуулийг цаг уурчийн мэргэжлээр төгсөн гарч буй төгсөгчдийн 80-90 орчим хувь шууд ажлын байраар хангагддаг. Нийгэмд ажлын байр бэлэн, боловсон хүчин дутагдалтай салбарын нэг болж хувирчээ.



Түүнчлэн тухайн мэргэжлээр элсэгчдийн тоо огцом цөөрсөн нь уг мэргэжлийн ач холбогдлыг төдийлөн мэддэггүй, ажлын ачаалал ихтэй буюу өдөр тутамд ажилладаг, цалин бага зэрэг нь нөлөөлдөг аж. Тиймээс цалин нэмэх, ЕБС-ийн сурагчдад ХАА-н чиглэлийн мэргэжлийн ойлголт өгөх, цаг уурчийн мэргэжлийг таниулах хичээл орох шаардлага тулгарсан гэдгийг онцолж байна.

Улсын хэмжээнд МУИС, Дархан-Уул аймаг дахь ХААИС-ийн агроэкологи бизнесийн сургууль цаг уурч бэлтгэдэг. ЕБС-ийн төгсөгчид орон нутгийн сургууль сонгохоос татгалзах, сургуулийн нэр чухалчилж Улаанбаатар хотыг зорьдог аж. Өнөөдрийн байдлаар аймгийн УЦУОШТ-ийн нийт ажилтны 30 орчим хувь залуу мэргэжилтнүүд аж.

Аймгийн хэмжээнд Дархан сум дахь Дархан өртөө, Шарын гол сум дахь Шаазгайт өртөө, Орхон, Хонгор суманд цаг уурын харуулаар дамжуулан мэдээллээ авдаг ажээ. Цаг агаарын урьдчилсан мэдээг гаргахдаа хиймэл дагуулаас мэдээлэл авах технологид бүрэн шилжсэн байна. Тиймээс урьдчилсан мэдээлэл бодит байдал харьцангуй өндөр биелэлттэй болсон аж.



Мөн энэ онд Дэлхийн цаг уурын өдөр, Дэлхийн цаг уурын байгууллага үүсэж хөгжсөний 150 жилийн ой болон Дэлхийн цаг агаарын алба байгуулсны 60 жилийн ой давхцаж байгаа аж.

Сүүлийн 150 жилийн хугацаанд улс орнуудын Үндэсний ус, цаг уурын албад бидний өнөөдрийн түвшний цаг агаарын урьдчилсан мэдээ гаргахад үндэс суурь болсон мэдээ, мэдээллийг цуглуулж, стандартчилсаар иржээ. Дэлхий нийтээрээ цаг уурын мэдээлэл солилцож ирсэн түүх бол хүний ​​амь аврах шинжлэх ухаанч хамтын ажиллагааны хүрээнд өрнөсөөр өдийг хүрсэн аж.

Энэ өдөр цаг уурын байгууллагын ажилтнууд туршлагаа солилцох, шинэ ололт амжилтуудаа хуваалцах, дэлхий даяар үүсээд байгаа цаг ууртай холбоотой асуудлуудаар эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, олон нийтэд цаг уурын өөрчлөлтийн талаар мэдээ мэдээлэл өгөх зэргээр тэмдэглэн өнгөрүүлдэг ажээ.

 

Холбоотой мэдээ