ХОВД: Ажлын байрны нээлттэй өдөрлөгт 300 гаруй иргэн оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-03-23 15:53:55

Жаргалант /МОНЦАМЭ/. Үндэсний бүтээн байгуулагч Макс групп нь баруун бүсийн аймгуудад хэрэгжүүлж буй уул уурхай, зам, барилга, бусад салбарын төслүүдэд 400 ажлын байр шинээр зарлаж, хүний нөөцийн бүрдүүлэлт хийж байна.  

Үүнтэй холбогдуулан баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт өнөөдөр "Ажлын байрны нээлттэй өдөрлөг" зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд Макс группийн хүний нөөцийн бодлого, салбар компаниудын үйл ажиллагааг танилцуулж, нээлттэй ажлын байрны мэдээллийг иргэдэд санал болголоо.

Тус өдөрлөгт  орон нутгийн  300 гаруй иргэн хүрэлцэн иржээ. Энэхүү үйл ажиллагаа нь тухайн бүс нутгийн ажлын байрыг нэмэгдүүлж, иргэд, залуусын орон нутагтаа ажиллах боломжийг нээж өгч байгаагаараа онцлогтой. 

  

Макс групп нь баруун бүсийн хөгжлийг дэмжсэн тогтвортой хөгжлийн зорилтынхоо хүрээнд орон нутгийн иргэдийг тогтвортой, байнгын ажлын байраар хангах, ажил хайж буй иргэдэд нэг цэгээс шинэ ажлын байр санал болгох зорилгоор  "Ажлын байрны нээлттэй өдөрлөг"-ийг цаашид баруун бүсийн бусад аймгуудад тусгай хуваарын дагуу зохион байгуулна.

Ингэхдээ аймгийн ЗДТГ болон Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар зэрэг орон нутгийн салбар байгууллагуудтай хамтран ажиллаж байна.     

Макс групп нь "Хүн төвт хамтын үнэ цэнийг эрхэмлэж, илүү сайхан Монголыг бүтээлцэнэ" хэмээх эрхэм зорилготойгоор худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал, уул уурхай, хүнд үйлдвэрлэл, дэд бүтэц, ннженерийн салбарт өдгөө 3200 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа юм. 

Холбоотой мэдээ