Узбекистаны Ерөнхийлөгч Ислам Каримов 78 насандаа таалал төгслөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-09-03 11:18:25

ТАШКЕНТ. /ВВС/. Узбекистан улсыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд байх үеэс удирдаж эхэлсэн Ерөнхийлөгч Ислам Каримов баасан гарагт 78 насандаа таалал төгслөө гэж тус улсын Засгийн газар мэдэгдлээ.

Каримов 1989 онд Зөвлөлтийн үед Узбекистаны Коммунист намын удирдагч, улмаар 1991 онд тусгаар тогтносных нь дараа ерөнхийлөгч болж байсан юм.

Тус улсыг 27 жил удирдсан түүнийг Азийн хамгийн дарангуй удирдагчдын нэг гэдэг байсан билээ.

Лалын босогчид болон улс төрийн тэрс үзэлтнүүдийг нухчин дардаг байсан түүний дэглэмийг дотоод болон гадаадын хүний эрхийн байглуулагууд эрс зэмлэн буруушаадаг байв.

Каримов эмнэлэгт хэвтсэн тухай тус улсын Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн ням гарагт мэдэгдэж байсан бол түүний охин Лола Каримова- Тилляева энэ долоо хоногийн даваа гарагт фэйсбүүк хуудсандаа “Аавын тархинд нь цус харваж, эрчимт эмчилгээнд орсон” гэж бичсэн байсан юм.

Харин өчигдөр өглөө тус улсын Засгийн газраас гаргасан мэдэгдэлд “Хүндэт ард иргэд ээ! Та бүхэнд дуулгах таагүй мэдээ байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд манай улсын ерөнхийлөгчийн биеийн байдал эрс дордлоо” гэсэн байсан билээ.

Каримовыг оршуулах ёслолыг зохион байгуулах комиссын даргаар Узбекистаны Ерөнхий сайд Шавкат Мирзияев томилогджээ.

Мирзияев тус улсыг хэсэг хугацаанд удирдаж магадгүй.

Ерөнхийлөгч агсан Каримовыг хэн залгамжлах нь тодорхойгүй байна.

Каримов таалал төгссөнтэй холбоотойгоор тус улсад улс төрийн тогтворгүй байдал үүсч, лалын босогчид нөлөөгөө тэлэхэд хүрч болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.


Г.Доржханд

Холбоотой мэдээ