Бээжингийн хүн ам 2003 оноос хойш анх удаагаа буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-03-23 14:54:53

БЭЭЖИН. /Reuters/. Хятадын нийслэл Бээжин хотод 2022 онд нас баралтын түвшин төрөлтийн түвшнээс давснаар хүн амын ердийн өсөлт 2003 оноос хойш анх удаагаа буурсан үзүүлэлттэй гарчээ.


Бээжингийн засаг захиргаанаас танилцуулсан албан ёсны статистик мэдээллээс үзвэл, 21.84 сая оршин суугчтай, Хятадын хамгийн олон хүн амтай хотуудын нэг болох тус хотод 1000 хүнд ногдох нас баралтын түвшин 5.72 болж өссөн бол төрөлт 5.67-д хүрч буурсан байна.


“Хүн амын тоо буурах хандлагатай байсан, ялангуяа Бээжин хотод” гэж Австралийн “Victoria” их сургуулийн Бодлого судлалын төвийн судлаач, доктор, Пэн Сюжян ярилаа. Бээжин болон бусад хот, мужийн төрөлтийн түвшнийг байнгын оршин суугчдад үндэслэн тооцдог бөгөөд шилжин суурьшигчдыг оруулдаггүй байна.


“Бээжин хот дахь амьжиргаа, боловсролын өртөг болон боловсролын түвшин зэргийг харгалзан үзвэл байнгын оршин суугчдын төрөлтийн түвшин доогуур байх нь маш хэвийн үзэгдэл юм” гэж П.Сюжян онцлоод, Бээжингийн хүн амын үзүүлэлт улсын дундажтай нийцэж байгааг мөн дурдав. Хятадын хүн амын тоо 2022 онд сүүлийн 60 жилийн хугацаанд анх удаагаа буурсан бөгөөд үүнд томоохон хотуудад амьдрах өртөг нэмэгдсэн, эдийн засгийн өсөлт сул байсан, иргэдийн хүүхэд төрүүлж, өсгөх хандлага өөрчлөгдсөн зэрэг хүчин зүйлс нөлөөлжээ.


Бээжинд 2022 онд 1000 хүнд ногдох хүн амын ердийн өсөлт -0.05 хувьтай байжээ. Мөн Хятадад 1000 хүнд ногдох төрөлтийн түвшин 2022 онд 6.77-д хүрсэн нь түүхэн дэх хамгийн сул үзүүлэлт болсон бол нас баралтын түвшин 7.37 байсан нь 1974 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.

Холбоотой мэдээ