СЭЛЭНГЭ: Сүхбаатар суманд 50 МВт-ын дулааны цахилгаан станц барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-03-23 12:24:20

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Сэлэнгэ аймагт хийж буй томоохон бүтээн байгуулалтын төслийг хамтран хэрэгжүүлэх гурвалсан гэрээнд аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Түшиг сумын Засаг дарга Г.Батболд, “Илч Хужирт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Чулуунбаатар нар гарын үсэг зурлаа.

 

Энэхүү төсөл нь нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчныг хамгаалах, орон нутагт хөрөнгө оруулах, ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэх бөгөөд үр шимийг нь Сэлэнгийнхэн хүртэх учиртай гэдгийг аймгийн Засаг дарга онцоллоо.  

 

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат 2017 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ Сэлэнгэ аймгийн төвд дулаан, цахилгааны асуудлыг шийдэхээр “Red Mongolia” ХХК-тай хамтран дулааны цахилгаан станц барьж байгуулах гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Гэвч энэхүү ажил хөрөнгө санхүүгийн тодорхойгүй нөхцөлөөр өнөөдрийг хүртэл зогсонги байсаар иржээ.

 

Харин энэ удаа аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж удирдлагын түвшинд ажлын баг байгуулж, уйгагүй хөөцөлдөж явсны эцэст энэ сарын 20-ны өдөр 50 МВт-ын Дулааны цахилгаан станц барих ажлын эхлэлийг тавьжээ.

 

Аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржоос дээрх ажлын талаар тодрууллаа.

-Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод 50 МВт-ын дулааны цахилгаан станц байгуулна гэж та хэлсэн амлалтаа биелүүлэхэд ойртжээ. Энэхүү бүтээн байгуулалтын ажил хэзээ эхлэх гэж байна?

-Бүтээн байгуулалтын ажлыг Түшиг сумын нутагт үйл ажиллагаагаа эхлэх гэж буй, эрчим хүчний хүрэн нүүрсний орд газрыг эзэмшиж, олборлох зөвшөөрөлтэй “Илч хужирт” ХХК, “Red Mongolia” ХХК-тай хамтарч ирэх 5 дугаар сард эхлүүлэхээр төлөвлөж байгаа.

Сэлэнгэ аймагт дулааны асуудал маш хүндрэлтэй байсан. Дулаан үйлдвэрлэж байгаа “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ 8 тэрбум орчим төгрөгийн алдагдалтай, дээр нь маш их хуучирч муудсан байдалтай байгаа. Энэхүү дулааны станц ашиглалтад орсноор Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын хөгжлийн гарц цаашид нээгдэж байна гэж ойлгож болно. Өнөөдөр энэ станц нээгдсэнээр Сүхбаатар хотын дулааны асуудал шийдэгдэхээс гадна жилийн 4 улиралд халуун устай байх, мөн ААН байгууллагуудын үйл ажиллагаанд маш том дөхөм болно.

Өнөөдөр дулааны станц, дулааны цахилгаан станц хоёрын хооронд үнийн маш том зөрүү гарч байгаа. Жишээ нь Дархан-Уул аймагт 1м3 дулааны төлбөр 750 төгрөг байдаг. Гэтэл Сэлэнгэ аймагт 1050 төгрөг. Одоо цаашид 2000 төгрөгт ч хүрнэ.

Энэ станцын талаар Монгол Улсын Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбат гишүүн ажиллаж байх үедээ 2017 онд “Red Mongolia” компанитай хамтран байгуулахаар гэрээг анхнаасаа үзэглэсэн байдаг. Харин хөрөнгийн асуудлаас болж, одоог хүртэл шийдэгдээгүй байсан. Ингээд аймгийн Засаг даргын зүгээс ажлын баг байгуулж, хамтарч ажилласны үр дүнд өнөөдрийн байдлаар “Элч хужирт” гэдэг компанитай хамтран төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Энэ компани бол Түшиг суманд үйл ажиллагаа явуулж байгаа, нүүрсний томоохон ордтой компани. 360 сая орчим тонн нүүрсний нөөцтэй, нэлээд урт хугацааны үйл ажиллагаа явуулах нөөцтэй. Энэ компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Red Mongolia” компанитай хамтраад энэ станцыг барихаар бид гарын үсэг зурлаа.

 

-Олон жилийн нөөцтэй, том орд гэлээ. Сэлэнгэ аймагт өөр ямар ажлуудыг хамтран хийхээр төлөвлөж байна вэ?

-Нэн түрүүнд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 50 МВт-ын дулааны цахилгаан станц барина. Дараа нь Мандал суманд 25мВт-ын цахилгаан станцыг эхлүүлэхээр өнөөдөр гарын үсэг зурлаа.

Бид хүнсээр хангагч аймаг болохын тулд цаашдаа дулааны тариф хямд байх ёстой. Яагаад гэвэл өвлийн хүлэмж, ААН-үүдийн халаалтын зардал 50 хувь буурч байгаа учраас маш том дөхөм болно. Иймээс томоохон хоёр суманд энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Мөн эдгээр компаниудтайгаа санал солилцож байгаад цаашдаа Сайхан суманд мөн 25 МВт-ын цахилгаан станц барих санал тавьсан. Ингээд Сэлэнгэ аймгийн томоохон 3 том бүс газартаа дулааны станцтай болчихвол цаашдаа үйлдвэрлэл үйлчилгээ явуулах бүрэн боломж бүрдэнэ.

 

-Энэ маш том бүтээн байгуулалт гэж харж байна л даа. Төсөв хөрөнгийн талаар тодруулж өгөөч?

-Энэ ажил бол Сэлэнгэ аймагт оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт. 600 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө. Энэ нь аймгийн 10 жилийн төсөв гэсэн үг. Тэгэхээр одоо Сэлэнгийнхний хувьд аль болох энэ ажлыг дэмжиж, хурдан эхлүүлж явуулах хэрэгтэй. Энэ бол аймгийн төв хөгжих хамгийн ойрхон гарц нээгдэж байгааг ойлгох хэрэгтэй.

Компанийн зүгээс 2 жилийн дотор барьж байгуулж өгнө гэсэн амлалтыг өгч байгаа.

-Ярилцсанд баярлалаа. 

Холбоотой мэдээ