Ноолуурын дуудлага худалдааг ирэх даваа гарагаас эхлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-03-23 11:55:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөө аж ахуйн бирж нь ноолуурын дуудлага худалдааг энэ сарын сүүлээр зүүн бүсийн аймгуудаас эхлэн зохион байгуулна.


Хамгийн түрүүнд Дорнод аймагт 3 дугаар сарын 27-31-нд, Хэнтий аймагт 27-31-нд, Сүхбаатар аймагт 4 дүгээр сарын 3-7-нд зохион байгуулахаар товложээ. Тухайн аймгуудын ХХААГ, ЗДТГ-тай зөвшилцөн хугацааг товлосон бөгөөд нэг аймагт дунжаар 5 хоногийн хугацаанд 2-3 удаагийн давтамжтай дуудлага худалдаа зохион байгуулах юм. Төв, говийн болон баруун бүсийн зарим аймгууд тухайн бүс нутгийн ноолуурын гарц, цаг агаарын байдлыг харгалзан орон нутгийн төр захиргааны байгууллагатай зөвшилцөн хугацааг товлохыг ХХААХҮЯ мэдээлэв.


Ноолуурын дуудлага худалдаа зохион байгуулснаар малчид, хоршоод ноолуураа зах зээлийн бодит үнэ ханшаар борлуулах, худалдан авагчдад нэг дороос худалдан авах нөхцөл бүрдүүлнэ. Одоогоор дуудлага худалдаанд оролцох худалдан авагчдын бүртгэж эхэлжээ. 


Дуудлага худалдаа нь “Англи дуудлага худалдаа” буюу нэг худалдагч, олон худалдан авагч гэсэн зарчмаар явна. Худалдагч тал зарах барааны хэмжээ, төрөл ангилал, доод үнийн захиалга өгснөөр үнэ хаялцах зарчмаар буюу хамгийн өндөр үнээр захиалгыг авах юм. Дуудлага худалдаанд малчид, хоршоод, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч гээд хэн ч оролцох боломжтой.


Худалдан авагч нь дуудлага худалдаанд оролцохдоо арилжаа эхлэхээс өмнө бүртгүүлэн, нэг сая төгрөгийн дэнчинг биржийн дансанд  байршуулж, баталгаажуулна. Энэ нь төлбөр тооцоо болон дуудлага худалдааг санаатай амжилтгүй болгох эрсдэлээс хамгаалж байгаа юм. Дуудлага худалдаанд оролцох ноолуурын доод хэмжээ нь 500 кг байх бөгөөд худалдагч этгээд дуудлага худалдаа эхлэхээс 1 цагийн өмнө биржийн агуулахад ноолуураа байршуулсан байх шаардлагатай. Нэг өрхийн ноолуурын хэмжээ дуудлага худалдаанд оролцох доод хэмжээнд хүрэхгүй бол малчид хоршиж, хамтарч оролцох боломжтой. Оролцогч талуудын бүртгэлийг энэ сарын 20-ны өдрөөс Хөдөө аж ахуйн биржийн дуудлага худалдааны (https://cloud.mce.mn/register.aspx) системээр бүртгэж байна. 


Малчид, хоршоод ноолуур авчрахдаа харьяа орон нутгаасаа гарал үүслийн гэрчилгээ авсныгаа дуудлага худалдааны системд бүртгэлжүүлнэ. Ингэснээр тухайн ноолуур аль бүс нутгаас гаралтайг гэрчлэх юм. 

 

Холбоотой мэдээ