Турк: Узбекистаны Ерөнхийлөгч Ислам Каримов таалал төгслөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-09-02 23:54:49

АНКАРА. /Anadolu/. Узбекистаны Ерөнхийлөгч Ислам Каримов таалал төгссөн гэж орон нутгийн эх сурвалж өнөөдөр “Anadolu” агентлагт мэдээлжээ.

Өнөө өглөө Узбекистаны Засгийн газраас гаргасан мэдэгдэлд “Хүндэт ард иргэд ээ! Та бүхэнд дуулгах таагүй мэдээ байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд манай улсын ерөнхийлөгчийн биеийн байдал эрс дордлоо” гэсэн байсан юм.

78 настай Каримовын тархинд цус харван өнгөрсөн долоо хоногийн бямба гарагаас эрчимт эмчилгээнд ороод байсан билээ.

Харин Туркийн Ерөнхий сайд Бинали Йылдырым өнөөдөр телевизээр шууд дамжуулсан засгийн газрын хуралдааны үеэр “Узбекистаны Ерөнхийлөгч Ислам Абдуганиевич Каримов таалал төгссөн” гэж хэлээд, Узбекистаны ард түмэнд эмгэнэл илэрхийлжээ.

Узбекистаны Үндсэн хуульд “хэрвээ ерөнхийлөгч албан үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрвэл  түүний үүргийг гурван сарын хугацаанд парламентын дээд танхимын тэргүүн гүйцэтгэнэ” гэж заасан байдаг.

Сүүлийн үед тус улсын төрийн мэдлийн телевизүүд цэнгээнт нэвтрүүлэг гаргахгүй байгаа аж.

Узбекистанд хууль ёсны улс төрийн сөрөг хүчин гэж байхгүй бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд төрөөс хатуу хяналт тавьдаг байна.

Каримов Узбекистаныг хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байх үеэс хойш удирдаж байсан бөгөөд түүнийг залгамжлах хүний нэр тодорхойгүй байна. Энэ нь эрх мэдлийг шилжүүлэх үйл явц түүний гэр бүлийнхэн болон дээд албан тушаалтнуудын хүрээнд шийдвэрлэгдэж магадгүй гэсэн үг юм.

Йылдырымыг мэдэгдэл хийхээс өмнө “Каримов таалал төгссөн” гэсэн яриа хэдийн тархаад байсан билээ. Ислам Каримов хамгийн сүүлд өнгөрсөн наймдугаар сарын 17-нд олон нийтэд харагджээ.

Каримов таалал төгссөнийг нэрээ нууцлахыг хүссэн гурван дипломат эх сурвалж нотолсон гэж өнөө өглөө “Reuters” агентлаг мөн мэдээлсэн юм.

Орост төвтэй, сөрөг хүчний “Fergana” цахим хуудсанд “төрөлх нутаг Самарканд хотод нь Каримовыг оршуулах ёслолд бэлтгэж байна” гэж мэдээлжээ.

Самаркандын нисэх онгоцны буудал бямба гарагийн хуваарьт нислэгээ цуцалсан байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ