“Абу Сайяф”-ыг устгахаар цэргийн хүч бөөгнөрүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-09-02 17:07:39

СИНГАПУР. /TASS/. Филиппин улсын Засгийн газар “Абу Сайяф” бүлэглэлийн террористуудыг устгахын тулд тус улсын өмнөд нутагт 9000 цэргийн албан хаагчийг байрлуулахаар төлөвлөж байна.

“Эдгээр алан хядагчдыг устгах нь сүүлийн жилүүдийн хамгийн том цэргийн ажиллагаа болно” гэж Филиппиний армийн хэвлэлийн төлөөлөгч Реституто Падилла мэдэгджээ. Түүний ярьснаар, мотобуудлагын хэд хэдэн батальоныг ойрын өдрүүдэд Сулу мужид шилжүүлэн байрлуулснаар тэнд байгаа цэргийн тоо 9 мянгад хүрэх юм.

Эрх баригчдын үзэж байгаагаар, “Абу Сайяаф” бүлэглэлийн гишүүдийн тоо 250-аас хэтрэхгүй аж. Харин тус бүлэглэлээс гаргасан мэдэгдэлд “бид ариун дайн хийхэд бэлэн байна. Бидний эгнээнд мянга орчим дайчид байгаа” гэжээ.

Хэдэн хоногийн өмнө алан хядагчидтай хийсэн тулалдаанд Филиппиний армийн 15 цэрэг амь үрэгдсэн юм. Түүнээс гадна, террористууд одоогийн байдлаар гадаадын 10 иргэнийг барьцаанд аваад байна.

"Абу Сайяф" бол олон улсын террористуудын “Аль-Каида” бүлэглэлийн нэгэн жигүүр болохоос гадна “Лалын улс”-ын талд үнэнчээр зүтгэнэ гэдгээ тангараглажээ.

Д.Нямтулга 

Холбоотой мэдээ