“Samsung” БНСУ-д “дэлхийн хамгийн том” чипний төв байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-03-16 14:36:51

СӨҮЛ. /DW/. Дэлхийн хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн салбарт улам их ахиц дэвшил гаргах БНСУ-ын үндэсний төслийн хүрээнд “Samsung Electronics” компани дэлхийн хамгийн том чипний төвийг байгуулахад олон зуун тэрбум ам.долларын хөрөнгө оруулах төлөвтэй байна.


Тодруулбал, Сөүл “Samsung” компанийн 300 их наяд воны /230 тэрбум ам.доллар/ хөрөнгө оруулалтаар дэлхийн хамгийн том чипний төвийг ирэх 20 жилийн хугацаанд байгуулна гэдгээ мэдэгдсэн бөгөөд чип үйлдвэрлэлийн “мега кластер” байгууламжуудыг Гёнги мужийн олон хэсэгт 2042 он гэхэд байгуулах ажээ. Тус төв нь “Samsung”-ийн байгуулах таван шинэ хагас дамжуулагчийн үйлдвэрт тулгуурлах юм байна.


Төлөвлөгөөний тухайд

БНСУ-ын Засгийн газар нь чип, дэлгэц, дахин цэнэглэгддэг цэнэг хураагуур, цахилгаан тээврийн хэрэгсэл, робот, био-технологи гэсэн технологийн зургаан салбарт ихээхэн хөрөнгө оруулахыг зорьж байна. Хэдийгээр тус улсын хувьд эдгээр салбарт тэргүүлэх байр суурийг эзэлдэг ч “5G” утасгүй сүлжээ, хиймэл оюун ухаан, автомат жолоодлоготой автомашинууд зэрэг шинэ технологиудыг нэвтрүүлснээрээ өсөн нэмэгдэж эрэлт хэрэгцээг хангаж чадна гэж найдаж байгаа ажээ.


“БНСУ 300 их наяд воны хөрөнгө оруулалтаар нийслэл хотынхоо бүсүүдэд дэлхийн хамгийн том хагас дамжуулагчийн кластерийг байгуулна” гэж тус улсын Ерөнхийлөгч Юн Сог Ёль мэдэгджээ. Тэрбээр эдийн засгийн бодлогын хуралдааны үеэр хэлсэн үгэндээ, “Хурд хамгийн чухал. Засгийн газар кластерийн төслийг бодит үйл хэрэг болгохын төлөө бүхий л хүч чадлаа дайчилна” гэсэн байна.


Хагас дамжуулагчийн төв нь материал, эд анги үйлдвэрлэх, өндөр технологийн чипүүдийг бүтээх 150 өөр компанийг татан төвлөрүүлэхийг зорьж байгаа гэж БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам мэдээлжээ. Samsung”-ийн шинэ үйлдвэрүүд нь БНСУ дахь одоогийн үйлдвэрүүдийнхээ ойролцоо байрлах бөгөөд компанийн зүгээс мэдээлснээр, мэдээлэл хадгалахад хэрэглэдэг компьютерийн санах ойн чипнүүд болон илүү өргөн хүрээний функцийг гүйцэтгэхэд шаардлагатай логик чипнүүдийн аль алийг нь үйлдвэрлэх ажээ.


АНУ, Европын Холбоо, Япон, Хятад зэрэг технологийн хүчирхэг гүрнүүд худалдааны хамгаалалтын арга хэмжээ авах, татварыг бууруулах, хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор дотоодын чипний үйлдвэрлэлээ хөгжүүлж байгаатай холбоотойгоор БНСУ хэдийнээ хүчтэй байр сууриа эзэлж чадсан зах зээлдээ байр сууриа бэхжүүлэхийн тулд өөрийн төлөвлөгөөгөө ийнхүү танилцуулж байна.


Ерөнхийлөгч Юн Сог Ёль технологийн салбарыг улс орныхоо эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр бөгөөд аюулгүй байдал, стратегийн энэ хөрөнгө нь ажлын байр бий болгох, мөн амьжиргаатай шууд холбоотой гэж тодорхойлжээ. Дэлхий даяар хэрэглэгдэж буй өндөр технологийн микрочипнүүдийн дийлэнхийг нь “Samsung” болон Тайванийн “TSMC” компаниуд үйлдвэрлэдэг.


Samsung” 2022 оны дөрөвдүгээр улиралд үйл ажиллагааны ашиг нь өмнөх оны мөн үеийнхээс 70 орчим хувиар огцом буурсан талаар өнгөрсөн нэгдүгээр сард мэдээлсэн бөгөөд Украины дайны улмаас дэлхийн эдийн засагт тодорхойгүй байдал үүсэж, эрэлт буурсан зэрэг хүчин зүйлсийг тайландаа онцолсон юм. 

Холбоотой мэдээ