ДУНДГОВЬ: Мод үржүүлгийн 50 га талбай бүхий агропарк байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-03-14 17:52:08
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газраас “Хөдөөгийн сэргэлт” чуулганыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан.

Тус чуулганы үеэр Дундговь аймгийн ЗДТГ-аас “Нээлттэй аймаг- мэдээллийн цэг” ажиллуулж, өөрийн аймгийн давуу тал, онцлог, тус аймагт шилжин суурьших иргэдийг дэмжих бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцуулсан юм.

Хэдийгээр аймгийн хөгжил сайн биш хэмээн яригддаг ч Дундговь аймаг олон давуу талтай, бизнес эрхлэх, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн амьдрах таатай орчин бүрдэж байна.

1990-ээд оноос хойш тус аймаг хүний хөгжилд төдийлөн анхаарч, бодлого хэрэгжүүлээгүйгээс тус аймгийн хувьд тулгамдаж байсан гол асуудал нь хүний нөөцийн асуудал байсан. Энэхүү бэрхшээлийг даван туулахын тулд аймгийн ЗДТГ-аас 2020 оноос хойш хүний хөгжил, иргэдийн оролцоо, бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого гарган ажиллаж байгаа нь тус аймгийн хамгийн чухал давуу тал болж байгаа аж.

2022 оныг “Хүний хөгжлийг дэмжих жил”, 2023 оныг “Боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх жил” болгон зарлаж, бодлогоо хүн рүү чиглүүлж, залуу багш, эмч, төрийн албан хаагчдыг дэмжин ажиллаж байгаа нь олон залуучууд, иргэдэд урам зориг өгч байгаа юм.

Тухайлбал, 2021 оноос “Хүний нөөцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, түүний хүрээнд 2022 онд орон нутагт нэн шаардлагатай байгаа 22 боловсон хүчнийг бэлтгэхэд 57,2 сая төгрөгийн сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлжээ.

Түүнчлэн төрийн албанд тогтвор суурьшилтай ажиллаж буй алба хаагчдыг урамшуулах, идэвхжүүлэхийн тулд тус хөтөлбөрийн хүрээнд орон байрны дэмжлэг болгож, 10 гаруй хүнийг тус бүр 10,0 сая төгрөгөөр урамшуулсан байна.

Чуулганы үеэр аймгийн төв болон сумдад иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэх олон бүтээн байгуулалтыг хийж, дэд бүтэц нэмэгдэж байгааг мөн танилцуулжээ.

Тодруулбал, Мандалговь хотноо цэвэршүүлэх байгууламж ашиглалтад орж, Ахмадын ордон, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв, Ид шидийн орон хүүхдийн хөгжлийн төв үүд хаалгаа нээж, Усан бассейн бүхий спорт цогцолбор, 5 одтой зочид буудал шинээр баригдаж, Бизнес хөгжлийн төв удахгүй ашиглалтад орох гэж байна.

Цаашид сургууль цэцэрлэгийн байрыг засварлан орчныг сайжруулах, Сайнцагаан, Эрдэнэдалай суманд орон сууцны цогцолбор хотхон байгуулах, шохойн блокны үйлдвэр байгуулах, бүсийн малчны хөгжлийн төвтэй болох, мод үржүүлгийн 50 га талбай бүхий агропарк байгуулах зэрэг бүтээн байгуулалт хийх хөгжлүүдийн төслүүд хэрэгжих аж.

Түүнчлэн Дундговь аймагт амьдрах нь айдасгүй, амар тайвнаар хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь явуулж, сургах, хөгжүүлэх, утаагүй цэвэр агаараар амьсгалан эрүүл аж төрөх, түгжрэлд зарцуулдаг цагаа өөртөө, гэр бүлдээ, хөгжихдөө зарцуулах, төрийн үйлчилгээг авахад хялбар байх зэрэг олон давуу талууд байна. Энгийн энэхүү боломж дээр бизнесийг дэмжсэн, төрийн үйлчилгээг хөнгөвчилсөн, боломж олгосон төрийн олон боломж байна.

Тухайлбал, газрын харилцааны нээлттэй тогтолцоог бий болгох, газар олгох асуудлыг нээлттэй мэдээлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих санхүүгийн механизмыг нэмэгдүүлэх, шилжин ирж, тогтвор суурьшилтай амьдрах өрхийг 3 хувийн ипотекийн зээлд хамруулах, орон нутагт шинээр салбараа нээж, ажлын байр нэмэгдүүлэх аж ахуйн нэгжүүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулж, үл хөдлөх хөрөнгийн татварыг багаар тогтоон дэмжлэг үзүүлэх, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдэд татварын дэмжлэг үзүүлж, хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах зэрэг дэмжлэг үзүүлэх аж.

Хэрэв тус аймагт шилжин ирж, мал маллах, хөдөө аж ахуйн салбарт ажиллах бол тэдэн рүү хөдөө аж ахуйг дэмжсэн хөтөлбөрүүдээ чиглүүлэхээр төлөвлөжээ.

Холбоотой мэдээ