Япончууд "Роснефть" компанид хөрөнгө оруулалт хийж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-09-02 12:31:38

ТОКИО. /Reuters/. Эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх үүднээс Япон улс ОХУ-ын “Роснефть” компанид 10 орчим тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх санал тавьж магадгүй байна гэж Японы “Nikkei” сонинд мэдээлжээ.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өнөөдөр Владивосток хотод эхэлсэн бизнес бага хурлын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар төлөвлөж байгаатай холбоотойгоор дээрх мэдээлэл гарсан байна. Хоёр улсын тэргүүн нар эрчим хүч, технологийн салбар дахь хамтын ажиллагааны талаар хэлэлцэх төлөвтэй байна.

Япон улс ОХУ-тай эдийн засгийн харилцаагаа бэхжүүлж, хэдэн арван жил үргэлжилж буй газар нутгийн маргааныг зохицуулах эрмэлзэлтэй байгаа юм.

Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам тус улсын “Jogmec” корпорациар дамжуулан “Роснефть” компанийн 10 хувийг 9.7 тэрбум доллароор худалдан авч, хөрөнгө оруулалт хийх талаар хэлэлцэж байна гэж “Nikkei” мэдээлжээ.

Үүний зэрэгцээ Оросын Дорнод Сибирь болон Алс Дорнодод нефть, байгалийн хийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой эсэхийг хамтран судлах асуудлыг Японд хэлэлцэж байгаа аж. Энэ нь 2011 онд цунамид өртсөн “Фукушима Дайчи” атомын цахилгаан станцыг зогсоож, буулгахад техникийн талаар хамтран ажиллах хүсэлтэй байгааг илтгэж байна гэж дээрх мэдээлэлд дурджээ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ