ТӨВ: Хот, хөдөөд амьдрах орчны ялгаагүй байвал хотоос хөдөө рүү чиглэх урсгал нэмэгдэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-03-14 08:26:26

Зуунмод /МОНЦАМЭ/ “Хөдөөгийн сэргэлт үндэсний чуулган” энэ сарын 10-ны өдөр Улаанбаатар хотноо болов. Тус чуулганд оролцогч Төв аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлт, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Саран-Эрдэнээс тус аймаг орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлт, хийж хэрэгжүүлж буй ажлуудын талаар тодрууллаа.


Тэрбээр “Хөдөө орон нутагт амьдарч байгаа хүмүүсийн орчин нөхцөл хотод амьдарч байгаа хүмүүсийнхтэй адилхан байвал хотоос хөдөө рүү чиглэх урсгал нэмэгдэнэ. Төв аймгийн 26 сум төвлөрсөн халаалтын системтэй болж байгаа. Манай аймаг өөрөө хөдөө аж ахуйн гол бүс нутаг, нийслэл Улаанбаатар хотыг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр хангадаг аймаг. Тийм учраас хөдөөд ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллаж байна.


Түүнчлэн гадаад харилцаагаа бэхжүүлэн ОХУ-ын хөрөнгө оруулалтаар Баяндэлгэр суманд гахайн цогцолбор аж ахуй байгуулах техник эдийн засгийн үндэслэлийг бий болгосон. Үүнийг хийснээр 400 ажлын байрыг бий болгох хүчин чадалтай. Мөн БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар Лүн суманд мах боловсруулах үйлдвэр байгуулсан нь 300 ажлын байрыг шинээр бий болгоод байна.  

    

Ажлын байрыг нэмэгдүүлэхийн сацуу нийгмийн баталгаа, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах хэрэгцээ шаардлага гарч байдаг. Иймд аймгийн төвд гэхэд 1000 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан, нэмэлтээр 2000 орон сууцны барилгын ажил явж байна. Цаашлаад 1500 айлын орон сууцыг байгуулахаар техник эдийн засгийн үндэслэлээ гаргаж байна. Түүнчлэн орон сууц гэхээс илүүтэй хаус барих хүсэл сонирхолтой хүмүүс их бий. Үүнд нь зориулж хаус хорооллыг төлөвлөж байна” гэв. 

Холбоотой мэдээ